ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Б.Ундармаа АТГ-т байцаалт өглөө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-16

“Доктор МЭИК” компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан, мөн өөрийн эзэмшлийн “Капитал” банкинд байршуулсан ЖДҮХС-гийн долоон тэрбум төгрөгийн 49 хувийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас АТГ байцаалт авчээ.

энэ мэдээллийг АТГ-ын албан эх сурвалж ч үгүйсгээгүй аж. Тэрбээр, УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас байцаалт авсан. Зээл олголтын асуудал хууль журмын дагуу явагдсан эсэх, албан тушаалтан төсөл сонгон шалгаруулахад нөлөөлсөн эсэх асуудлаар мэдээлэл авлаа” хэмээжээ.

Түүнээс гадна өнгөрөгч долоо хоногоос эхлэн АТГ-аас “Капитал” банкийг лацадсан гэх мэдээлэл явж байсан. Гэвч энэ нь ташаа мэдээлэл бөгөөд банк санхүүгийн байгууллагын нэр хүндэд ингэж халдах нь тухайн аж ахуйн нэгжид итгэх иргэдийн итгэлийг сулруулах, банкны хадгаламж эзэмшигчид мөнгөө буцаан татах, улмаар дампуурал руу хөтлөх ч эрсдэлтэй учраас энэ мэт мэдээлэлд цензуртэй хандахыг хүсч байгаа юм.

Капитал банкны асуудлаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдэгдэл хийхдээ “Сангийн яамнаас Капитал банкинд хийсэн шалгалтаар долоон тэрбум төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. 51 хувийг зориулалтын дагуу олгосон ч үлдсэн нь буюу 49 хувийг зориулалтын бусаар зарцуулсан байсан. Энэ хоёр үндэслэлээр мөнгөө буцаан татаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлнэ. Гэрээгээ дүгнэе гэхээр дүгнэж өгөхгүй байгаа. Яаралтай татан төвлөрүүлэх шийд бол гарчихсан” хэмээн ярьж байсан юм.