ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөхийг шаардлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-17

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хурлаа хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Хуралд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар оролцож, бүлгээ төлөөлж мэдээлэл хийсэн юм.  АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэ нарт мэдэгдэл хүргүүлж байгаа талаараа хурлын эхэнд онцоллоо.  Тус мэдэгдэлд  УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа тодотгосон байна. Мөн  Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан, хамаарал бүхий компаниуд нь Концессын гэрээ байгуулсан, ЖДҮХС-гаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаарджээ. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол  УИХ-ыг тараах тухай Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад нэр бүхий гишүүдийн гаргаж буй саналыг дэмжиж ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.  

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “УИХ дахь МАН-ын бүлгийн хуваагдал төрийн институт хоорондын тэмцэл болон хувирч, орон нутагт хүртэл нөлөөлж байна.  ЖДҮХС-гаас зээл авч, түүнийгээ зүй бусаар зарцуулсан Засгийн газрыг огцруулахыг АН-ын бүлэг дэмжсэн.  Үүнийг нь зарим талаар шүүмжилж байгаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд МАН-ын Засгийн газар өр нэмэхээс өөр бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Гуравдугаарт, УИХ-ын дарга М.Энхболд сайн дураараа албан тушаалаа өгч, “60 тэрбум”-ын хэргээр шалгуулах ёстой. Өнгөрсөн хугацаанд М.Энхболдыг УИХ-ын дарга болсноос хойш төрийн албан тушаалыг зарж байгаа талаар АН-ын бүлэг хүчтэй шүүмжилж ирсэн. Харин Ерөнхий сайдыг Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан, хамаарал бүхий компаниуд нь Концессын гэрээ байгуулсан, ЖДҮХС-гаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг нэн даруй шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ байдал цаашид удаан үргэлжилвэл, АН-ын бүлэг УИХ-ыг тараах байр суурин дээр бат байх болно” гэв.

Харин  УИХ-ын гишүүн З.Нарантуяа “МАН-д үүссэн хагарал тэмцэл зөвхөн нэг нам доторх хүмүүсийн хагарал гэж харагдахаа больсон. Үндсэн хуульд заасан засаглалын гурван толгой харилцахаа байж үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч байгаа нь Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн засаглалын хямралд орж байна. УИХ-ын дарга М.Энхболд өргөдлөө өгөхөд надад хуулийн үндэслэл байхгүй байна гэдэг жижиг шалтгаанаар байгаад байх юм бол цаашид төрийн ажил жинхэнэ утгаараа хямралд орох нөхцөл байдалд хүрнэ. Тиймээс  УИХ-ын дарга хуулийн заалт дагахгүйгээр ёсзүйн хувьд Монгол Улсын төр, ард түмнийг хүндэтгэж парламентын үйл ажиллагааг цааш хэвийн явуулах боломжийг нь  олгож  сайн дураараа чөлөөлөгдөх эрхээ өгөх нь ёсзүйн хувьд зүйтэй гэж үзэж байна. Хэрвээ ингэж чадахгүй  УИХ  өөрөө хариуцлагагүй ажиллах юм бол тарах тухай асуудлаа авч хэлэлц гэдэг шаардлагыг Ерөнхийлөгч тавьсан. АН-ын хувьд дээрх саналыг дэмжинэ. МАН ийм хэмжээнд хүргэхгүйгээр дотроо асуудлаа шийдэх болов уу гэж найдаж байна. Эрх ашгийн эрэмбэ гэж бий. Мөн аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Төрийн ажил гацаад бүтэн нэг сар болж байна. Энэ хугацаанд маш олон асуудлыг УИХ дээр хэлэлцэх байлаа. Нийгэмд тулгамдсан олон асуудал хүлээгдэж байгаа энэ үед сандал, суудлын хэрүүл хийж төрийн ажлыг гацааж болохгүй. Бид хуультай улс. Тийм учраас бидний дараагийн алхам УИХ-ыг тараах  тухай асуудлыг дэмжихээс өөр аргагүй байдалд хүрнэ” хэмээн байр сууриа илэрхийллээ.