ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хөдөө аж ахуйн салбарт Грек улстай хамтарна

O.Admin
2018-12-21

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Грек улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Леонидас Роканасыг өчигдөр  хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд хүчин чармайлт гаргаж, хичээнгүйлэн ажилладагт талархал илэрхийлэв.

2017 оны арваннэгдүгээр сард Элчин сайд Леонидас Роканасыг Монгол Улсад айлчлах үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хүлээн авч уулзсан байдаг. Уг уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааны суурийг тавих үүднээс "Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг" байгуулах талаар харилцан тохиролцсон юм. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар ХХААХҮЯ-наас уг санамж бичгийн төсөл боловсруулснаа Дэд сайд Ж.Сауле Грекийн Элчин сайд Леонидас Роканаст гардууллаа. Үүний хариуд тэрбээр, хамтран ажиллах маш ажил хэрэгч саналуудаа албан ёсоор боловсруулж хүлээлгэн өгсөнд талархаад, Грекийн Хөдөө аж ахуйн яаманд уламжилж, хоёр талаасаа саналаа нэгтгэн албажуулан, санамж бичгийн мөрөөр бодитоор хамтарч ажиллах болно гэв.

Уулзалтын үеэр талууд хэд хэдэн асуудлаар харилцан санал солилцсон. Тухайлбал, Грек Улс хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлсэн шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтаа хуваалцах, газар зүйн заалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, арьс ширэн түүхий эд импортлох, мал эмнэлгийн салбарыг чадавхжуулахад хамтарч ажиллах, тус улсад Монголын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг бизнес болон танилцах аялалд хамруулах саналтай байгаагаа Элчин сайд Леонидас Роканас хэллээ.

Саналыг сонссоны дараа Монголын хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөц боломж, Грекийн техник, технологийн ололт, арга туршлага, хөрөнгө, санхүүгийн дэмжлэгийг хослуулан харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле илэрхийлэв. Тэр дундаа хүлэмжийн аж ахуйн технологийн шийдлийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар судалж, энэ хүрээнд шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын мэргэжилтэн боловсон хүчин бэлдэх, дадлагажуулах хэрэгтэй байгааг ч дурдсан.  

Ийнхүү 2019 оны нэгдүгээр сарын 18-27-ны өдрүүдэд ХБНГУ-д болох “Берлиний ногоон долоо хоног” арга хэмжээний үеэр Монгол, Грек Улсын хамтарсан уулзалт зохион байгуулах, хоёр орны аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг бизнес болон танилцах аяллыг харилцан хамруулахаар тохиролцлоо.