ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Түмэнцэнгэл: Банкны салбарын гол санхүүжилт нь хэрэглээ рүү чиглээд байвал эдийн засгаа яаж төрөлжүүлэх юм

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-25

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй ярилцлаа.

-2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглээний зээлийг тодорхой хэмжээнд хязгаарлана. Ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Хязгаарлана гэхээр огт олгохгүй гэсэн үг биш шүү. Иргэд бас ташаа ойлгоод байх шиг байна. Банк хэрэглээний зээлийг олгодгоороо олгоно. Хэрэглэгчид зээлээ авдгаараа авч болно. Харин ямар хязгаарлалт тогтоосон бэ гэвэл, өнгөрсөн зургаа болон есдүгээр сарын Мөнгөний бодлогын хорооны хурлаар өр орлогын харьцаанд 70 хувь гэдэг хэмжээ тогтоож өгсөн. Хугацааг 30 сар байхаар хязгаарласан. Тодорхой хэлбэл, харилцагч банкинд очоод, сард өөрийнхөө олдог орлого буюу татварын дараа авдаг мөнгөнийхөө 70 хувиас хэтрүүлэхгүйгээр эргэн төлөлт хийхээр л зээл авах боломжтой гэсэн үг. Сая төгрөгийн цалин татварын дараах байдлаар авдаг бол сард 700 мянгаас дээш төгрөгийн эргэн төлөлттэй зээл авч болохгүй. Хоёрдугаарт, 30 сарын хугацаанд л зээлээ багтаан төлөхөөр болж байна. Зургадугаар сард бид судалгаа хийж үзэхэд, банкуудын зээлийн дундаж хугацаа 28 сар байсан. Тиймээс 30 сараас илүүгүй хугацаанд зээл олгоход болох юм байна гэж үзэж, хязгаарлаж өгч байгаа юм. Банкууд 30 сараас дээш хугацаатай хэрэглээний зээл өгөхгүй л гэсэн үг.

-Хэрэглээний зээл гэдэг ангилалд ямар зээл багтаж байгаа вэ. Иргэдэд мэдээлэл өгвөл?

-Хамгийн түгээмэл бүтээгдэхүүнүүд гэвэл цалин, тэтгэврийн зээл, лизингийн үйлчилгээ байна. Машин, гар утас, тавилга барьцаалсан гэх мэт иргэдийн хамгийн их авдаг зээл гэсэн үг.

-Зээлийн эргэн төлөлтийн хугацааг бууруулахаар иргэд тийм ч таатай хүлээж авахгүй байх шиг байна. Хэрэглээний зээлийг тодорхой хэмжээнд хязгаарлахын ач холбогдол нь юу юм бол?

-Цаг хугацааны хувьд авч үзвэл гурван төрлийн хугацааг бодож үзнэ гэсэн үг. Богино хугацаанд энэ шийдвэр иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд, банкуудад тийм ч таатай биш. Нэг үгээр хэлбэл, гашуун юм шиг санагдана. Урт хугацаатай зээл авдаг байсан бол ирэх оны эхнээс өр авлагын харьцаа, хугацаагаар хязгаарлуулж байгаа болохоор. Хэрэглээний зээлийн хэмжээ өсөхгүй тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт ч саармагжих магадлал бий. Банкуудад ч гэсэн зээл бол орлого олж байгаа гол бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүн нь хязгаартай болох учраас богино хугацаанд харвал гашуун юм шиг санагдах юм. 

Харин дунд, урт хугацааг нь харвал арай өөр зүйл хэлж болно.  Иргэний хувьд аваад үзвэл, сард олж байгаа орлогынхоо 70-аас дээш хувийг зээлд төлөөд байя.  Орлого нь дунд хугацаандаа тогтвортой үргэлжилж чадах уу. Зээлээс зээлийн хооронд байгаад байвал тийм ч эерэг зүйл биш. Тиймээс иргэд санхүүгийн сахилга баттай байж, өөрийнхөө орлогод нийцтэй зүйлд мөнгөө зарцуулах нь илүү ач холбогдолтой. Байгууллагын хувьд ч ялгаагүй. Иргэд зээл аваад, түүгээрээ бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг. Гэтэл эдийн засаг үргэлж өсөлттэй байхгүй. Хэзээ гэхээс биш уналтын цикл тохиолдож таарна. Тэр үед зарим хүмүүс ажилгүй боллоо гэхэд зээлээ төлж чадахгүй нөхцөлд хүрэх эрсдэл бий. Зээлээр санхүүжигдэж байсан хэрэглээ хумигдана гэсэн үг. Тэр үед компаниудын борлуулалт ч унах эрсдэлтэй.  Эдийн засаг сайн үед тэлж байснаа жаахан хямрах төдийд огцом унадаг савлагаатай цикл тийм ч сайн биш. Аль болох тогтвортой байх нь зөв. Банкуудын хувьд аваад үзвэл, өрийн ачаалалтай хүмүүс цалингийнхаа 70-аас дээш хувийг эргэн төлөлтөд өгчихөөд байна. Энэ хүмүүс үнэхээр найдвартай зээлдэгч байж чадах уу гэдэг асуудал үүснэ. Хэрэглээний зээл сүүлийн жил гаруйн хугацаанд 40 хувиар өсч, огцом тэлсэн. Банкны секторын баланс дээрх зээлийн багцын тал хувь нь иргэдийн хэрэглээний зээл болчихсон.  Эдийн засаг унах үед зээлдэгч нар хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл үүсгээд ирвэл банкиндаа эрсдэл үүсгэх аюултай. Дунд хугацаандаа аваад үзвэл аль аль нь бизнесээ оновчтой төлөвлө, санхүүгийн сахилга баттай бай, банкууд эрсдэлээ сайн удирд гэсэн санааг өгч байгаа юм. 

-Урт хугацаандаа ямар ач холбогдолтой вэ?

-Бүр урт хугацааг аваад үзье. Манай эдийн засгийн нэг онцлог бий. Харьцангуй хэрэглээнд суурилсан, үйлдвэрлэх хүчин чадал муутай. Маш их зүйлийг гаднаас импортоор авдаг. Үйлдвэрлэл талаа харвал уул уурхайд тулгуурласан. Гадагшаа экспортолж орлого олдог бараа, бүтээгдэхүүн нь хэд билээ. Энэ буруу бүтэц санхүүжилттэй холбоотой. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүүжилт нь юу руу чиглэж байна вэ. Банк гэхэд сардаа хоёр их наядын зээлийг эдийн засаг руу гаргаж байгаа том санхүүжилтийн салбар.  Энэ салбарын гол санхүүжилт нь хэрэглээ рүү чиглээд байх юм бол бид яриад байгаа эдийн засгийн төрөлжилтөө цаашид ч ярьсаар л сууна гэсэн үг. Тийм болохоор одооноос эхлээд ядаж л банкуудынхаа санхүүгийн эх үүсвэрийг хэрэглээнээс нь жаахан хязгаарлаж өгөх хэрэгтэй. Тэгвэл тэр мөнгө нь аль болох бүтээн байгуулалт гэх мэт том зүйл рүү орно. Урт хугацаандаа харвал ийм л ач холбогдолтой. Бид дунд, урт хугацааныхаа алсын харааг бариад,  богино хугацаандаа гашуун эм ууж байна гэж ойлгож болно. 

-Банкуудын зүгээс ямар нэг хариу үйлдэл үзүүлж байгаа юу. Эсэргүүцэх ч гэх юм уу?

-Банкуудын зүгээс нэгдсэн стандарт тогтоогоод өгөөч гэж өнгөрсөн жилээс эхэлж ярьсан. Хэдийгээр шийдвэр энэ оны зургадугаар сард гарсан ч гэсэн судалгаагаа өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард хийж байсан. Банкуудын удирдлагуудтай уулзаад үзэхэд, нэг стандарт алга. Хэрэглээний зээл гэдгийг тодорхойлсон тодорхойлолт, хугацаа нь өөр өөр байна. Өр, авлагын харьцаа нь бас өөр байгаа учраас нэгтгэсэн стандарттай болгохыг хэлж байсан.  Нэгдсэн стандартгүй болохоор  хоорондоо зохисгүй өрсөлдөөнд ороод байдаг. Нэг банкинд очоод зээлийг нь хааж өгөөд, нөгөө банк нь хугацааг нь сунгаад яваад байдаг. Хэт удаан ингэж явбал цаашид салбартаа эрсдэл дагуулна. Бараг 10-аад жилийн хугацаатай хэрэглээ гэдэг чинь юу гэсэн үг вэ. 10 жилийн дараах ирээдүйг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэр үед өгсөн зээл нь чанартай байх уу, үгүй гэдгийг банкныхан өөрсдөө ч мэдэхгүй. Хэрвээ нэгдсэн стандарт тогтоож өгөөгүй бол банкны салбар эрсдэл рүү алхаж байсан. Тиймээс л ийм шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх гэж байна. 

-Хэрэглээний зээл 40 гаруй хувийг давчихсан гэсэн. Хэрэглээний зээлийн хэчнээн хувь нь чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл байдаг юм бол?

-Банкны өнцгөөс харах юм бол хэрэглээний зээл хамгийн найдвартай бүтээгдэхүүн. Хэрэглээний зээлийн чанаргүйдэл гурав орчим хувь л байгаа. Тэгэхэд банкны салбарын нийт зээлийн чанаргүйдэл 12 хувьтай байгаа юм. Тэгэхээр дунджаасаа бага, сайн чанартай зээл гэсэн үг. Тийм ч учраас банкууд чанар сайтай бүтээгдэхүүнээ сонирхоод, хэрэглээний зээл өгөх нь их. Эрсдэлтэй гэж үзээд бизнес хийх гэж аж ахуйн нэгж, хувь хүнд зээл олгохгүй, хэрэглээний зээлд л мөнгөө зарцуулаад байгаа юм. Гэхдээ үргэлж ийм байна гэсэн үг бас биш. Нэгэнт банкны балансын тал хувь нь хэрэглээний зээл болчихлоо. Үргэлж ийм чанар сайтай байх уу гэдэг нь эргэлзээтэй. Дараагийн нэг эдийн засгийн уналтын циклийн үеэр маш олон иргэн чанаргүй зээл үүсгэлээ гэвэл эргээд сектортоо дарамт болно. Хамгийн тодорхой жишээ байна. 2008 оны Америкийн хямрал. Иргэд моргейжийн зээлээ төлөөгүйгээс үүдэлтэй үүссэн хямрал. Тэгэхээр иргэд үргэлж чанартай зээлдэгч байдаггүй гэдэг жишээ энэ. Тиймээс энэ илүү ирээдүйг харсан шийдвэр. 

-Хэрэглээний зээлийн хугацааг бууруулснаар хэмжээ нь багасч таарна. Хугацааг бууруулснаар хэрэглээний зээл хэдэн хувиар багасах вэ. Энэ талаар тооцоолол хийсэн болов уу?

-Макро зохистой бодлогыг Монголд анх удаа хэрэгжүүлж байгаа. Тийм болохоор бодлогын хүүг нэг удаа өсгөхөд зээлийн хүү 0.3 нэгжээр өсдөг гэдэг шиг харьцуулах судалгаа байхгүй гэсэн үг. Шинээр хийж байгаа учраас үүнд үзүүлэх банкууд, иргэдийн хариу үйлдлээс л харж, судална. 

-Иргэд хэрэглээний зээл аваад, гадагшаа явж бараа, бүтээгдэхүүн худалдаж авдаг. Энэ нь валютын ханншид тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэсэн шүүмжлэл байдаг. Хэрэглээний зээлийг тодорхой хэмжээнд хязгаарласнаар валютын ханшид эерэгээр нөлөөлөх боломжтой юу?

-Импортын өсөлтийг аваад үзвэл, оны эхнээс 40 орчим хувийн өсөлттэй байна.  Яг хэрэглээний импортыг аваад үзвэл 30-аад хувийн өсөлттэй байгаа. Хэрэглээний импортын энэ өсөлт  эргээд төлбөрийн тэнцэл дээрээ худалдааны балансыг муутгах, урсгал дансны алдагдлыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлж байгаа. Энэ суурь хүчин зүйлээ дагаад ханшид ч дарамт учруулж байгаа юм.  Импортыг нэмэгдүүлж байгаа нэг гол хүчин зүйл нь хэрэглээний зээл.  Харин хэрэглээний зээл цаашид өсөхгүй гэдэг нь ханшид үзүүлж байгаа дарамтыг нэмэгдүүлэхгүй.  

-Ийм бодлого хэрэгжүүлсэн улс орнууд байгаа байх. Хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого хэрэгжүүлснээр ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бол. Жишээ татвал?

-Бид энэ бодлогыг Макро зохистой бодлого гэж нэрлээд байгаа юм. Энэ бодлого сүүлийн 10-аад жилийн хугацаанд хөгжиж байна. Дэлхийн эдийн засгийн хямралаас хойш Макро зохистой бодлогыг хэрэгжүүлж байгаа улс орны тоо огцом нэмэгдсэн. Тэдний зорилго нь санхүүгийн системээ эрсдэлгүй, тогтвортой байлгах. Тухайлбал, Чилийн жишээг хэлж болно. Чили улс Макро зохистой бодлогыг хэрэгжүүлснээр 1980-аад оноос хойш банк санхүүгийн хямралтай учраагүй.  

Зээлийн хүүнд хязгаар тогтоох нь эдийн засгийн тогтвортой хөгжил сөргөөр нөлөөлдөг 

-Зээлийн хүү нийгэмд хамгийн их анхаарал татсан, шүүмжлэл дагуулсан сэдвүүдийн нэг болсоор ирсэн. Зээлгүй хүн ховор гэдэг ч зээлийн хүүг ойлгодог хүн бас цөөн. Хүүг хэрхэн ойлгох нь зүйтэй вэ?

-Аль нэг банкны хувьд авч үзвэл зээлийн хүү гэдэг нь нэг төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний үнийг илэрхийлдэг зүйл юм. Өөрөөр хэлбэл, бизнесийн ч юмуу, эсвэл хэрэглээний зорилгоор мөнгө зээлж тодорхой хугацаанд ашигласны төлбөр гэж ойлгож болно. Харин том зургаар нь харвал банкны системийн хэмжээнд дундаж хүү хэд байна вэ гэдэг нь тухайн улс орныхоо эрсдэлийн түвшнийг илэрхийлэх нэг хэмжүүр болдог. Тэгэхээр зээлийн хүүний талаар тайлбарлахад микро болон макро энэ хоёр өнцгийн аль аль нь чухал.   

-Тэгвэл банкууд зээлийн хүүгээ хэрхэн тогтоодог вэ?

-Зээлийг санхүүгийн бүтээгдэхүүн гэдэг утгаар нь харвал нэг талаас ямар өртгөөр бүтэж байна вэ, нөгөө талаас банк эдгээр зардлуудаа хэрхэн нөхөж, ямар хэмжээний ашигтай ажиллах зорилготой байна вэ гэдгээс энэхүү бүтээгдэхүүний үнэ буюу хүү хамаарна. Зардал талаас нь авч үзвэл банкуудын хүүгийн зардал, үйл ажиллагааны зардал, эрсдэлийн нэмэгдэл гэсэн гурван зүйл хамгийн чухал нөлөөтэй байдаг. Эдгээрээс харилцах хадгаламж эзэмшигчиддээ төлдөг хүү нийт зардлын 60 хувь орчмыг бүрдүүлдэг, хамгийн гол зардал юм. Үйл ажиллагааны зардлын хувьд, банкны үйлчилгээнд шаардлагатай салбар офисын түрээсийн төлбөр, ажилтнуудын цалингаас эхлээд ATM ажиллуулах зардал хүртэл багтана. Энэ нь тухай банкны бизнес загвар, салбар нэгжийн тоо, бүтцээс хамаараад харилцан адилгүй байдаг. Эрсдэлийн нэмэгдлийн хувьд, зарим зээл чанаргүйдэж эргэн төлөгдөхгүй тохиолдол гардаг учраас зээлийн хүүнд заавал шингэдэг бүрэлдэхүүн юм. Ингэснээр 100 төгрөгийн зээлээс 10 төгрөг нь эргэж төлөгдөхгүй байлаа ч хадгаламж эзэмшигчдийн мөнгийг 100 хувь эргүүлж өгөх боломж бүрддэг. Банк өөрөө бизнесийн байгууллага учраас эдгээр зардлуудаа нөхөөд цаана нь тодорхой ашгийн маржинтай ажиллахын тулд орлогын эх үүсвэрүүдээ санхүүгийн төлөвлөгөөндөө тусгадаг. Үүний хүрээнд татан төвлөрүүлсэн эх үүсвэрээрээ хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ, ямар үйлчилгээг харилцагчдаа санал болгох вэ гэдгээ тодорхойлно. Бенчмарк хүү буюу Төв банкны бодлогын хүү болон Засгийн газрын үнэт цаасны хүү, Заавал байлгах нөөцийн хувь хэмжээ болон урамшуулалтай холбоотой алдагдсан боломжийн өртгийн нөлөө, бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн нөлөө энд гарч ирнэ гэсэн үг. Мөн банкны үйлчилгээний шимтгэл хураамж болон арилжаа ханшийн тэгшитгэлийн орлогын хэмжээ хэр их байх вэ гэдэг зүйлс ч багтана. Тэгэхээр тухайн үеийн зах зээл дээрх санхүүжилтийн эрэлт, өрсөлдөөн, банкны өөрийн чадавхи, бизнесийн стратеги, түүнтэй уялдсан санхүүгийн төлөвлөгөө ямар байхаас шалтгаалаад банк аль төрлийн зээлийг ямар хэмжээ, хүүтэй гаргах вэ гэдэг зүйл тодорхойлогддог гэсэн үг.

-Дэлхийн 76 оронд зээлийн хүүнд хязгаар тогтоож байгаа туршлагыг Монголд нэвтрүүлэх шаардлагатай талаар их яригдсан. Хүүнд хязгаар тогтоох нь хэр бодит үр дүнг өгсөн бэ?

-Ер нь хүүг хүчээр тогтоох захиргаадалтын арга нь зээлийн хугацаа богиносох, зээл олголт зөвхөн барьцаа хөрөнгө ихтэй, орлого сайтай хамгийн найдвартай зээлдэгч рүү чиглэх, далд хэлбэрийн өндөр хүүтэй зээлийн зах зээлийг бий болгох гэх зэрэг сөрөг нөлөө ихтэй. Үр дүнд нь орлого багатай иргэд хохирохоос гадна, нийт эдийн засагтаа ч зээлийн нийлүүлэлт буурах, санхүүгийн хүртээмж багасах, ингэснээр эдийн засгийн тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөсөн түүх олон. Тухайлбал, дэлхийн 76 оронд зээлийн хүүнд дээд хязгаар тогтоосон туршлагын талаар “Interest caps around the world: Still popular but blunt instrument” гэдэг нэртэй судалгааг 2014 онд Дэлхийн банкнаас гаргасан. Америк, Япон, Герман, Англи гээд цөөнгүй өндөр хөгжилтэй орнуудад хүртэл хэрэгжиж байсан алдартай хэдий ч үр дүн муутай, мохоо арга юм шүү гэдгийг судалгааны ажлын гарчиг нь өөрөө хэлдэг. Зарим орнуудад хэт мөлжлөгийн шинж чанартай, төлж чадахааргүй өндөр хүү тулгахын эсрэг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хүүгийн хязгаарыг хуулинд тусгах тохиолдолд зах зээлийн хүүтэй зөрчилддөггүй. Харин зах зээлийн хүүг бууруулъя гэвэл эдийн засгийн фундаментуудаа л сайжруулахаас өөр гарцгүй, товчлох хялбар замгүй юм.