ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангайн иргэдтэй уулзлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Өвөрхангай аймгийн иргэдтэй аймгийн Хөгжимт драмын театрт уулзлаа.

Төрийн тэргүүнийг Арвайхээр Цэргийн хүрээ хүндэтгэн угтаж, аймгийн удирдлагууд аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийн байдал болоод хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.

Өвөрхангай аймаг нь 19 сум, 111 баг, 115.6 мянган хүн ам, 34.1 мянган өрхтэй юм байна. 2018 оны I улирлын байдлаар нийт хүн амын 30.2 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 65.4 хувийг 15-64 насныхан, 4.4 хувийг 65-аас дээш насныхан эзэлж байгаа юм байна. Мөн нийт өрхийн 24.6 хувь нь аймгийн төвдөө амьдарч байгаа бол 30.8 хувь нь сумын төвд, 44.6 хувь нь хөдөөд суурьшин амьдардаг байна.

Харин нийт хүн амын 63 хувь буюу 72837 нь хөдөлмөрийн насныхан бөгөөд 2018 оны эхний улирлын байдлаар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн дийлэнх нь 15-35 насны залуус байгаа юм байна.

Арилжааны банкуудын мэдээгээр аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл эхний дөрвөн сарын байдлаар 183.2 тэрбум төгрөг болжээ. Харин нийт зээлийн 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн зээл юм байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай уулзсаны дараа аймгийн иргэдтэй уулзсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Өвөрхангай аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.  Уулзалтаа маш энгийнээр буюу иргэдээ  сонсох зорилготой хийж байгаа. Та бүхний дэвшүүлж байгаа санал, санаачилга, шүүмжлэл бүрийг сонсож УИХ, Засгийн газарт буюу шийдвэр гаргах түвшинд хүргэхээр ажиллах болно” гээд уулзалтыг эхлүүлэв.

Түүний дараа уулзалтад оролцсон иргэд үг хэлж, асуулт асуусан. Аймгийн агаарын бохирдол нэмэгдсэн, төрийн алба төрлийн алба болж хувирч байгаа тухай хөндөх иргэд цөөнгүй байлаа. Мөн ажиллах хүчний асуудал эмзэглүүлж байгааг хэлэх ч хүн байлаа. Монголоор дүүрэн ажиллах хүч байхад Хятадаас ажилчин аваад байгаад гайхаж байгаа талаараа хэлэх ч иргэн байсан юм.   Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Мөн аймгийн Засаг дарга Г.Ганболд орон нутгийн шинж чанартай асуултад хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан зарим асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хүссэн юм. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон голоос хүн мал ундаалах аргагүй болтлоо голын ус бохирдсон байна. Тиймээс Орхон голын бохирдлыг цэвэрлэх, хамгаалах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхийг хүслээ. Хоёрдугаарт, Өвөрхангай аймгийн орон нутгийн чанартай автозамын чанар муудсан тул сүүлийн жилүүдэд авто осол ихээр гарч иргэдийн амь нас хохирох болжээ. Тиймээс орон нутгийн замыг ойрын хугацаанд засаж, сайжруулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн юм. Мөн аймгийн Засаг дарга агаарын бохирдол Улаанбаатарын араас орохуйц хэмжээд хүрч нэмэгдсэн талаар хэлээд хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх шаардлагатай байгаа гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзаж байгаа юм. Үүгээр Ерөнхийлөгчийн ард иргэдтэйгээ уулзах уулзалт өндөрлөнө.