ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Бат-Үүлийн нам Улсын дээд шүүхэд бүртгэлтэй боллоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-06

Гэр Хороолол Хөгжлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж,  уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв.

Ингэснээр Гэр Хороолол Хөгжлийн нам нь нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ. Гэр Хороолол Хөгжлийн нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 31 дэх нам болж байгаа юм. Тэд өмнө нь хэд хэдэн удаа хүсэлтээ өгч байсан ч бичиг баримт дутуу гэх шалтгаанаар бүртгэлээ авч чадаагүй билээ.

Гэр хороолол хөгжлийн нам нь Улсын баатар, УИХ-ын гишүүн, Хотын Засаг дарга асан Э.Бат-Үүлийн нам хэмээн олон нийт үздэг. Тэрбээр үүнийгээ ч үгүйсгэдэггүй бөгөөд Гэр хороолол хөдөлгөөнийг эртнээс дэмжиж ирсэн билээ.