ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Баасанхүү: Албан тушаалыг энд шөнөөр ярьж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы хуралдаан хойшилсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ. УИХ-ы хууль зөрчиж байна гэдгийг тэрбээр онцолсон юм. О.Баасанхүү гишүүн хэлэхдээ “Чуулган өнөөдөр үргэлжлэн хуралдаж Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Чуулганы дэгийн тухай хууль болон УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн хэлэлцэх байсан. Мөн УЕП-оос оруулж ирсэн нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой.

Ардын намын бүлэг байр сууриа нэгтгэж, эдгээр хүмүүсээ хамгаалж үлдэхээр шийдсэн юм шиг байна. Хоёрдугаарт, хуулийн асуудлыг үл тоож байгаа юм байна. Өглөө би 10.00 цагт ирсэн. Шөнө таван цаг хүртэл хуралдсан гэж бодоод 11.00 цаг хүртэл хүлээгээд аргаа бараад лайв хийсэн. Би өөрийгөө сурталчлах гээгүй. Энэ хүмүүс төрийг хэрхэн гутааж, доромжилж байгааг харуулмаар байгаа юм.

Албан тушаалыг шөнө дунд ярьж байна. Нэг нь сайд болно гэж гүрийгээд суугаад байдаг. Нөгөөдүүл нь малчид, тариаланчдад сайд нь шагнал гардуулвал гоё харагдана гээд яриад байдаг. Нөгөөх нь одоо ч суучихсан сайд болно гээд хүлээгээд сууж байна. Та нар ажил хийх гэж байгаа бол ажлаа хий. Хийхгүй гэж байгаа бол боль. МАН-ын дарга У.Хүрэлсүхэд асуудлыг тавина. Намын дарга юм бол ажилдаа анхаар гэж хэлнэ. АН-ын даргатай ч орж уулзана. Гацаагаа шийдэж чадах юм уу, үгүй юм уу. Нийт сэтгүүлчид, ард түмнээс уучлалт гуйя. Шөнөжингөө зурагтны өмнө суулгачихаад өнөөдөр хуралдахгүй юм шиг байна. Хэн нь шударга вэ, шударга бус вэ гэсэн хов жив ярьсан хэвээр байх бололтой” гэсэн юм. УИХ-ыг тараах АН-ын бичигт гарын үсэг зурах уу гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ бол Ардчилсан намын шоу. Их хурлыг тарааж чадахгүй. 65 хүнтэй МАН тараадаг юм. Ард түмэн том алдаа гаргасан юм байна” гэсэн хариулт өглөө.