ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Мөнхбат: Л.Болд Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг шилжүүлж авсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

УИХ-ын чуулганы хуралдаан 15.00 цаг хүртэл хойшилсонтой холбогдуулж, нэр бүхий гишүүд мэдээлэл өгч байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өчигдөр болсон жагсаалын үеэр өөрийнх нь нэр хүндэд халдсан мэдэгдэлийг Л.Болд гишүүн хийсэн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд намайг жагсаалыг үймээн самуун болгох гэж, цуст мөргөлдөөнд уриалж байна гэж мэдэгдлээ. Мөн цэргийн хүч бэлдсэн гэсэн мэдэгдэл хийлээ. Би энэ мэдэгдлийг эрс няцааж байна. Миний бие 200 хүн байтугай, хоёр хүн ч энэ жагсаалд оролцуулаагүй. Н.Номтойбаяр гишүүн гадаадад явж байгаад өчигдөр 16.00 цагт газардсан. Жагсаал цуглаан хийдэг, тэр нь буруудаад ирэхийн цагт няцаах гэж оролддог ийм явдал сүүлийн үед их гарах боллоо.

Өвчтэй, солиотой нь мэдэгдэхгүй юм ярьдаг. Дээрээс нь хувийн эрх ашиг, хувийн бизнесийнхээ өр төлөөсийг төлөх гэж чичирч байгаа улс төр хэрээс хэтэрлээ. Энэний нэг нь Л.Болд гишүүн юм. Чуулганы хуралдааны үеэр би Л.Болд гишүүний их хэмжээний мөнгө төгрөгийн асуудлыг хөндөж гаргасан.

УИХ-ын гишүүн Л.Болдын “Богд” банкны харилцах дээр Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөг шилжүүлж авсан гэдэг баримтыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа та бүхэнд мэдэгдэж байсан. Энэ үнэн юм билээ. Өөрөөр хэлбэл, найман сая ам.доллар, 9.8 тэрбум төгрөгийг жижигхэн банк руу шилжүүлсэн. Хөгжлийн банкинд нэг ч төгрөгийн хүү төлөхгүй байгаа. Энэ нь илрээд ирэхээр худлаа үнэн мэдэхгүй зүйлээр хүн гүтгэж байх жишээтэй. Өнөөдөр цэргийн эрх мэдэл Ерөнхий сайд буюу Засгийн газарт байгаа. Л.Болд гишүүнийг албан ёсоор шүүхэд өгч байна” хэмээн мэдэгдлээ.