ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Бат-Эрдэнэ: Хэн чанга дуугарч, шударга дүр эсгэсэн нь дээшээ гардаг байж болохгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

УИХ дахь АН-ын бүлгээс Их хурал өөрөө санаачилгаараа тарах талаар тогтоолын төсөл өргөн барихаа мэдэгдэж, нэр бүхий гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа. Гарын үсэг цуглуулах самбарыг чуулганы танхимын үүдэнд байршуулсан бөгөөд гишүүд өөрсдийн санаачилгаараа гарын үсгээ зурах юм.

Өчигдөр АН-ын долоон гишүүн болон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар гарын үсэг зурсан. Тэгвэл өнөөдөр Ж.Бат-Эрдэнэ гишүүн нэмж гарын үсэг зурав. Тэрбээр зурсан шалтгаанаа тайлбарлахдаа “Төрийн үйл ажиллагаа тодорхойгүй байдалд орлоо.

Цаашлаад ард түмний Их хуралд итгэх итгэл алга боллоо. Гарах гарц нь бол Их хурал тарах юм байна. Эргэж очоод ард түмнээр дүнгээ тавиулъя. Нэг хэсэг нь шударгын туйл, нөгөө хэсэг нь мангас болсон. Шударга юм уу гэхээр шударга зүйл харагдахгүй байх юм. Ард түмэнд очих зээлийг хамаад авчихсан. Үгүй юм уу гэхээр талбай дээр гарч ард түмнийг турхирлаа. МАНАН гэж баахан ярилаа. М.Энхболд гэж хүний асуудал ч яригдаж байна. Хэлж ярьж байгаа зүйл арай дэндлээ.

Сүүлийн үед мафижсан төр гэж ярих боллоо. Хуульзүйн сайд, Ерөнхий сайд юу хийж байгаа юм. Сая уул уурхай дээр очиж тусгай ажиллагаа явууллаа. Татвараа авч чадахгүй байгаа бол сайдтайгаа учраа ол. Ажлаа хийсэн шиг хий. Хэн чанга дуугарч, шударга дүр эсгэсэн нь дээшээ гардаг байж болохгүй. Улс төрийн нөхцөл байдалд би сайн дүн тавина. Нийгэм цэвэршихийн эхлэл юм. Сэтгүүлч та бүхэнд ч бас талархал илэрхийлье. Үнэнийг олон нийтэд хүргэж байгаад баярлалаа. АН-ынхантай уулзсан. Олон нийтээр очиж дүнгээ тавиулъя гэдэг зүйл л ярьж байна” гэсэн юм. Мөн нам өөрөө цэвэр байж, төрийн зөвшилцөл рүү явах ёстой гэж бодож буйгаа мэдэгдлээ.