ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УЕП М.Энх-Амгалан: Албан тушаалаа урвуулан ашигласан учраас гэмт хэрэг юм

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

Өнгөрсөн шөнө 04.00 цаг өнгөртөл хуралдаж, өглөө 10.00 цагт эргэж хуралдахаар болсон ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилсон чуулганы хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн асуудал, УЕП-оос нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг өргөн мэдүүлсэн болон Нотариатын хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт зэрэг нийт 15 асуудлыг хэлэлцэх юм байна. Өнөөдөр хуваарь ёсоор УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас өргөн мэдүүлсэн Валютын ханшийн өсөлтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох байсан ч даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хэлэлцэх илүү чухал асуудал байгаа учраас хойшлуулжээ. Гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлж эхэллээ.

Ж.Мөнхбат: ЖДҮХС-тай холбоотой сонин юм яваад байх юм. Хэрэг гэхэд хэцүү. УЕП-оос болохоор хэрэг гээд байгаа юм. Монгол Улсын хөдөлмөрийн насны иргэдийн 3/2-ыг нь хувийн хэвшил бүрдүүлж байна. Нийт ажил олгогчдын 80 хувь нь ЖДҮ эрхлэгчид. Тэд бухимдалтай байгаа юм. ЖДҮ-гийн асуудал яригдахаас өмнө болон хойно нь ёсзүйн болон хариуцлагын асуудлыг ярих биз ээ. Байж боломгүй зүйл болсныг эхнээс нь би хэлсэн. Байр суурьнаасаа ухрахгүй. Би Б.Батзориг сайд руу нэг удаа ярьсан. Архангай аймгаас 40 гаруй ЖДҮ-ийн төсөл ирсэн. Тэрний нэгийг дэмжээд өгөөч гэж явуулахад Их хурлын гишүүн ярихаар шийддэггүй юм гэж хэлээд гаргасан байна лээ. Энэ 45 төсөл нийлээд нэг улстөрчийн авсан мөнгөний хэмжээтэй дүйнэ. Шударга үнэний туйл болсон Ц.Нямдорж, сайдад горилогч Ч.Улаан нар хэрэг биш гээд оруулаад ирлээ. Тойргийн сонгогчдын иргэддээ хэлэх үггүй болчихлоо. Хариултыг нь манай таван ахмад улс төр өгөх биз ээ. Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нараас асууя аа. Жинхэнэ ЖДҮ эрхлэгч, баялаг бүтээгчдийнхээ өмнө бид хэлэх үгтэй очиж чадах уу. Бид 2020 онд тэдний өмнө очих нүүртэй байж чадах уу. Үнэн зөвийг нэг талд нь гаргая. “60 тэрбум” гэж баахан балбалаа. ЖДҮ-ээ бас нэг талдаа гаргах уу. Прокурор оо, энэ хэрэг мөн үү.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Үйлдэл болгон тус тусдаа эрүүгийн хэрэг байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээнд хүрсэн байна гэж оруулж ирдэг юм. Энэ дагуу яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой байна гэсэн учраас Улсын Ерөнхий прокурорын газраас асуудлыг оруулж ирсэн. Ард нийтийн тэгш байдалд албан тушаалаа урвуулан ашиглаж халдаж байгаа хэрэг учраас хэрэг гэж үзээд оруулж ирсэн. 100 гаруй хүмүүс хасагдсан дотор хасагдаж орж ирээгүй, бүрдэл хангаагүй атлаа зээл авч, түүнийгээ зориулалтын бусаар авч байгаа нь асуудал юм. Сонгогчийн хүсэлтээ дамжуулсан зүйл биш юм. Өөрөө хэрэглэсэн, өөрийнхөө хамаарал бүхий компаниар авсан учраас асуудал үүсгээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Халдашгүй байдлын хороо хоёр өдөр хуралдсан. Хувь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой асуудал яригдаж байна. Цаана нь хэд хэдэн гишүүн шалгуулж байгаа. Хэд хоноод л нэг хэсэг хүний бүрэн эрхийг ярих юм уу, эсвэл бөөнд нь ярих уу гэдэг асуудал байгаа. Халдашгүй байдлын дэд хороо хэрэг мөн биш гэдэг дүгнэлт гаргахгүй. Хэрэг үүсгэн шалгаж байхад саад учруулсан зүйл байхгүй юм билээ. Бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж үзсэнээр мөнх хамгаалалтад орсон зүйл биш. Шалгалт нь үргэлжлээд явах ёстой. Тэрний дараа асуудлыг хэлэлцээд явна. Энэ удаад шалгаж дуусах хүртэл түдгэлзүүлэх боломжгүй гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: УЕП-ын бичигт ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн албан тушаалаа урвуулан ашигласан тушаалаар зээл олгосон гэж байгаа. Тушаалаар шууд олгож болдог юм уу. Төслийг сонгон шалгаруулдаг уу. Тушаалаар өгч болдог уу. Хугацаа тохирох уу, зээлийн гэрээ хийдэг үү. Барьцаа шаардах уу. Энэ зээлийг олго гэсэн мэдээлэл ирсэн үү, танд. Эрх нь түдгэлзэхээр орж ирсэн Их хурлын гишүүдээс асуулт асууя. Та бүхэн хэргийн үнэн мөнийг тогтооход саад учруулж, нотлох баримтаа устгасан юм биш биз. Хэргийг шалгаж байгаа байцаагчийн ирүүлсэн зарлан дуудах бичгийн дагуу очсон уу. Гэрчийн мэдүүлэг өгөв үү, сэжигтнээр дуудагдав уу. Байцаалт өгсөн үү.

УИХ-ын гишүүн Б.Батзориг: Төрийн ажил улстөржиж байгаад харамсаж байна. Зээлийг олгох тусгай журам байдаг. Засгийн газрын тогтоолоор хөнгөлөлттэй зээл олгох журамтай. Журмын дагуу л явсан. 2018 онд үйлдвэрлэгчдээ дэмжье гэж тодорхой мөнгө тавьсан. Үйлдвэрлэгчдээ дэмжиж байж иргэд ажилтай, орлоготой болно. Хуулийн дагуу олгогдсон гэдэгт итгэлтэй байна. ЖДҮХС төсөл авах хугацаагаа зарладаг. Төслийг сонгон шалгаруулах хороо хуралдаж байж шийдвэрээ гаргадаг юм.

Хориглодог зүйл байгаа. Архи согтууруулах ундаа, банк санхүүгийн байгууллага, уул уурхайн компаниудад өгдөггүй. Шалгуур маш тодорхой байгаа. Жилийн орлого нь 1.5 тэрбум хүртэл, 200 хүртэл ажилчинтай бол өгнө гэдэг. Түүний дараа сайд гарын үсэг зурдаг юм. Зээлийн эргэн төлөлт маш өндөр байдаг. ЖДҮ эрхлэгчдээ дэмжиж байж энэ улс хөгжинө. Улстөржвөл хөгжихгүй. Сайд тушаал гаргаад хэн нэгэнд өгчихдөг мөнгө биш. Улстөржилтөөс болж ЖДҮ-д тавьдаг мөнгө энэ жил тавигдсангүй. Харамсаж байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Мөрдөн байцаагчийг шахаж, дарамталсан зүйл байхгүй ээ. Тухайн цаг минутад очиж асуусан асуулт бүрт нь хариулсан. Тэд ажлаа хийж байсан. Би саад учруулаагүй. Тухайн шалгарсан аж ахуйн нэгжээс би асуулт асуусан. Сонгон шалгаруулалтын дагуу материалаа өгөөд тэнцсэн учраас гэрээ байгуулж, үйл ажиллагаа нь явсан юм билээ.