ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцэж, нууц санал хураалт явагдахаар болсон юм. Цахимаар санал хураалт авахаар болж гишүүдийн дийлэнх олонх буюу нийт гишүүдийн 97.4 хувь нь дэмжлээ. Улмаар 82.5 хувийн саналаар буюу УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн ТББХ-ны дүгнэлтийг гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд УИХ-ын тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж 56 гишүүний 82.1 хувь нь тогтоолын төслийг батлахаар болов. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж дууссан билээ. Гишүүдийн хэлсэн үгийг тоймлон хүргэснээ үргэлжлүүлэн хүргэе.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ардчилсан нам дөрвөн жил ард түмнээр тоглосон. Одоо бид тоглож болохгүй гэдэгт санал нэг байна. Салбарын сайдын хэлсэнчлэн 27 сангаас сайн, мууг шалгах ёстой. Ер нь гишүүд өөрсдөө ёсзүйтэй байх талаар дүрэм гаргамаар байна. ЖДҮ, лиценз, тендер авахгүй гэдгээ ёсзүйн дүрмээрээ шийдчихье. Би санаачлаад батлуулсан ч болж байна. Дүрмээ баталчихвал лиценз авах гэж улс төрд орж болохгүй юм байна гэдгээ мэддэг болчихно. Энэ танхимд зөвхөн улстөрч, хууль боловсруулагчид орж ирдэг болно.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Асуудал нь орж ирсэн гишүүддээ муу санах зүйл огт алга. Нэгэнт асуудал орж ирсэн бол шалгуулаад буруу зөвөө тогтоолгоод гараад ир. Хамгаалаад үлдээч гэж хойгуур урдуур ярих шаардлагагүй байх. Харин ч сайн нөхөр гэдэг өмнөөс нь харж байгаад “буруутай” гэдгийг нь ил тод хэлдэг байх ёстой. Сургамж боллоо гэдэгт санал нэг байна. Бүх санхүүжилт, сангаа ил тод болго. Шилэн технологио хэрэгжүүлье.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Парламентын үйл ажиллагаа хэвийн явахад хэцүү боллоо. АН бүлэггүй боллоо. Ардын нам таг дундууруу хуваагдлаа. Өөр өөрсдийн шаардлага тавьсан асуудлаа хэлэлцдэг, байнгын хороо зөвшилцөхгүй бол хуралдахгүй байдалд хүрлээ. АН-ын бүлгээс тавьсан Их хурлыг тараах тогтоолд би гарын үсгээ зурчихаад ороод ирлээ. Д.Хаянхярваа гишүүн бас зурсан байна лээ.

ЖДҮ-гийн асуудал сөхөгдсөнөөр нийгэм дэх том асуудлууд ар араасаа гарч ирлээ гэж байна. Бусад шалгах ёстой улстөрч байвал нэгмөсөн оруулж ирээд асуудлыг шийдүүл. Гэм буруутай эсэхийг нь тогтоо. Үгүй бол бүгд л нэг нэгийгээ ЖДҮ-чин, 60 тэрбумтан гэж дуудаж байна. Төрийн банктай холбоотой асуудлыг шалгаад, ямар улстөрчид холбогдсоныг оруулж ирмээр байна.

УИХ-ын гишүүн М.Энхболд: УЕП-ын мэдээллийг Хуульзүйн байнгын хороон дээр сонссон. Гэхдээ УИХ-ын гишүүд чуулган дээр сонсох шаардлагагүй гэж үзсэн. Бүлгийн даргадаа бичгээ өгөөрэй, Л.Болд гишүүн ээ. Тэгээд бүлгийн дарга чинь чуулган дээр уншиж танилцуулдаг юм.