ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Бүрэн эрхтэй дархлагдсан улстөрчдийг шалгах боломж алга

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

УИХ-ын чуулган гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ. Тэгвэл хуралдаанаар үргэлжлүүлэн Л.Энхболд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Асуудлыг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан бол Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг Ц.Нямдорж танилцуулав. Мөн Хуульзүйн байнгын хорооны санал дүгнэлтийг байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан нар тус тус танилцуулсан юм. Чуулганы хуралдаанд гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сэтгэл хөдлөлөө хоёрдугаарт тавиарай. Хонгилын тухай сонсмооргүй байна. ЖДҮ-г шалгана гэхээр бөөнд нь оруулаад ир гээд түдгэлзүүлэхээ болилоо гэх юм. Үүндээ хариулт өгөөрэй. Л.Энхболд гишүүн хуулийнханд би асар олон авлигын асуудлаар бичиг өгсөн, мэдээлэл өглөө. Тэрний төлөө шалгалаа гэж хэлж байна лээ. Ийм мэдээлэл та нарт очсон уу. Том хэргүүд олон байна гэж гишүүд хэлээд байна. Тэр нь хэрэг юм уу, эсвэл сенсааци юм уу. Энд оруулж ирэхэд юунаас болоод саад учирна гэж хараад байгаа юм. Хуульзүйн сайд 100 тэрбумын асуудал байгаа юм даа гэж яриад байгаа. Тэрийг шалгуулахаар өгсөн үү. С.Зоригийн хэргийг шалгах асуудал юу болов.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Шалгалт төгсгөлийн шатанд явж байгаа. Дахиж асуудал орж ирэхийг үгүйсгэхгүй гэсэн. Би тэрийг хэллээ. Дахиад асуудал оруулж ирвэл хамтад нь хэлэлцээд шийдэх шаардлагатай гэж үзсэн. Дэд хорооны өмнөөс хэлээд байгаа юм. Янз бүрээр хэлэгдэж, ад үзэгдээд байгаа гишүүд хамтдаа ингэж шийдсэн юм. 100 тэрбумын асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар өгсөн. С.Зоригийн амь насанд халдсан хэргийг зайлшгүй шалгах ёстой. Онц ноцтой олон, олон өргөдөл надад мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ч очсон.

Хамгийн сүүлийн ноцтой өргөдөл өчигдөр надад ирсэн. Өргөдлийг шалга гээд хуулийн байгууллагад шилжүүлдэг. Удаашраад байдаг. Өргөдлийг шалгуулах эрх надад байдаг. Би тэр үүргийнхээ дагуу цагдаа, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Өргөдлийг явуулсан бичгүүд надад байна. Өмгөөлөгч нар нь эрхийг нь хэрхэн ноцтой зөрчсөн талаар надтай ирж уулзсан. Би 37 жилийн 10-д нь хэрэг уншсан прокурор хүн л дээ. О.Баасанхүү 20 жил өмгөөлөгч хийсэн гэж яриад байгаа юм. Б.Батзориг сайд нь юу гээд хэлчихсэн юм. Гишүүд юу гэж хэлсэн юм бүү мэд. Өөрсдөөс нь асуухаар нэг удаа дуудсан гэдэг зүйлийг л хэлсэн. Ний нуугүй хэлэхэд Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Ерөнхийлөгч баасан гарагт өргөн барьсан. Мягмар гарагт бүрэн эрхийн асуудлыг оруулж ирсэн. Гэтэл хардаад эхэлсэн л дээ.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Оруулж ирсэн асуудлын хүрээндээ ярьсан нь зөв байх. Гурван шатны шүүхээр шийдэгдчихсэн асуудлыг Хуульзүй, дотоод хэргийн сайд нь яагаад буруу зөрүү гэж яриад байдаг юм. Ёсзүйгээ бодсон ч, хуулиа мэддэг хүний хувьд хэрхэвч болохгүй байх. Би энд өөр юм ярина, Ц.Нямдорж сайдынхаас шал өөр зүйл ярина. Хэргийг хэрэг биш болгох гэсэн өргөдөл ч байгаа. Асуудлыг бүгдийг нь шалгаж байгаа. Өргөдөл нэг бүрийг шалгаж байна. Хэргийн тухай мэдээлэл өгөөч, Монгол Улсыг харанхуй болголоо гэх юм. Гэхдээ би мэдээлэл өгөхгүй гэж шийдвэр гаргасан юм. Түүнийгээ ч хамгаална. Н.Алтанхуяг гэдэг хүнийг огцруулахын өмнө АТГ-ынхан өмнөх өдөр нь гарч ирээд мэдээлэл хийсэн. Энийг би гудамжнаас жирийн хуульч хүний хувьд харж суухдаа үнэхээр болчимгүй юм даа гэж бодсон. УЕП болоод би энэ үйлдлийг хаасан. Та бүхэн ажиглаж байвал одоо хэн нэгний нэрийг дурдсан мэдээлэл огт гарахгүй байна. Мэдээлэл хийхдээ шалгаж байгаа, УЕП-ын байгууллагын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө гээд орхидог. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр би гаргуулахгүй. Л.Энхболд гишүүний өгсөн мэдээллүүдийг шалгаж байгаа. Шударга ёсны үүднээс мэдээлэл өгсөнд баярлаж байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэг татан буугдсан уу, үгүй юу. Дахиж олон хүмүүсийг оруулж ирж магадгүй гэж байна. Үүнээс болж хойшиллоо гэх юм. Хэзээ оруулж ирэх юм.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Бүрэн эрхтэй дархлагдсан улстөрчдийг бүрэн дүүрэн шалгах боломж алга. Хууль хяналтын байгууллага бололцоотой бүх арга хэмжээг аваад шалгадаг. Бүрэн дүүрэн шалгах гэхээр ингэж болохгүй гээд хуулиар халхалчихаар яах юм бэ. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж шалгана. Хамтарсан ажлын хэсгийг би татан буулгасан. Цагдаа, тагнуулын байгууллага шалгаад явж байгаа юм билээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Өрөө дарах гэж зээл авсан юм байна. Та өртэй байгаад зээл авч өрөө дарсан юм уу, эсвэл өртэй компанийг бэлгэнд авчихсан юм уу. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод байгаа юм уу. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очихгүй байгаа юм уу. Зээл аваад өрөө төлчихсөн гэдэг ойлголт нийгэмд яваад байна. Нүүрсний хэргээс болж өс хонзон явдаг гэх юм. Ийм зүйл байна уу. Холбогдуулж хуулийнхан шалгах гээд байгаа юм биш биз.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: ЖДҮХС-гаас зээл авсан “Хас говь транс” компанитай холбогдуулж намайг оруулж ирсэн. Мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулаагүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн. Дуудсан цаг хугацаанд нь очсон. ЖДҮХС-гаас зээл авч өөрийнхөө өрийг дарсан гэдэгт би мэдээлэл өгсөн. Өр бол байсан. Өрөө дарсан. Гэхдээ ЖДҮХС-гаас зээл авсан компани, тэр мөнгөтэй хамаагүй. Энэ компанийг би мэдэхгүй. Хэнээс авч, хэнд бэлэглэснийг мэдэхгүй. Өмнөговь аймагт махны үйлдвэр байгуулъя, үүнийг дэмжиж өгөөч гэсэн. Би тэрийг нь дэмжсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийцсэн учраас тухайн журам, тогтоолдоо нийцүүлж дэмжиж өгөөч гэж бичиг өгсөн нь үнэн. Нүүрсний асуудлыг би хөндөж гаргасан. Ахиц дэвшил гараагүй. Гэхдээ шалгаж байгаа нь талархууштай. Нүүрсний хулгайч нар тодорхой хэмжээнд хөдөлдөг юм байна.