ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ: Чи муу ЖДҮ-ийн хулгайч

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

Чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү горимын санал гаргаж, “Хэлэлцэх асуудал бүгд нэг, зарчим нь ижил боллоо. Хам хэрэгтэн шиг бүгдээрээ суугаад ЖДҮ-чдээ хамгаалж байгаа учраас бүгдийг нь нэгтгээд санал хураая” гэв.

Цаг хугацаа хожих үүднээс энэ санал гаргалаа гэсэн юм. Улмаар, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарын зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг хууль зөрчиж байна гэдэг шаардлага тавив.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэлэхдээ “Өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Та бүхэн УИХ-ын тухай хууль болон Чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг энэ сарын 10-ны дотор хэлэлцэж шийдвэрлэнэ гэдэг тогтоолд гарын үсэг зурсан. Гэтэл одоо 11 болчихлоо.

Гадаа жагсаж байгаа олон зуун иргэд биднээс шаардаж байна. Энэ асуудлаа хуулийн хүрээнд шийдэх ёстой. Та яагаад хууль зөрчөөд, албан тушаалтайгаа зууралдаад байгаа юм бэ. Нэг өдөр ч болов суудалдаа суухыг хүсээд байгаа юм уу. ТББХ-ны хуралд орох ёстой. М.Билэгт гишүүн гадаа хүмүүс байж л байг гэнэ ээ. Та ард түмний төлөөлөл шүү. Түүнээс эрх ашгийн төлөөлөл байж болохгүй” гэв.

Харин С.Эрдэнэ гишүүн үүнд нь бухимдаж “Чи муу ЖДҮ-ийн хулгайч. Муу бацаан минь дуугүй бай. Би чамайг үг хэлж байхад юу ч хэлээгүй шүү. Та нар шударга ёсны тухай жүжгээ одоо боль. ҮАБЗ одоо юу вэ. Хэнтэй ч хуваалцашгүй УИХ-ын дархан эрхэд халддаг болчихсон юм уу. Л.Оюун-Эрдэнэ ээ, чамайг хулгайч гэдгийг чинь мэднэ” шүү гэх мэтээр маргаан ширүүсч эхэлсэн юм.