ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Хурц нарын элчин сайдуудын нэрийг буцаан татахаар болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-13

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, бүлгийн хурлаас гарсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон Бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл өгсөн юм.

МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцжээ. Нэгдүгээрт, элчин сайд нартай холбоотой асуудлыг хэлэлцсэн аж. Тухайлбал, Австрали, Тайланд, БНСУ-ын элчин сайд нарын асуудал жил гаруйн хугацаанд гацсан бөгөөд олон янзын шалтгаанаас гацсан учраас эдгээр гурван улсын Элчин сайдад дэмжсэн гурван хүнийг буцаан татах саналаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гаргажээ.

Тодруулбал, Австрали улсад суух элчин сайдад УИХ-ын гишүүн Н.Оюундарийн дүү Н.Чимгүүндарь, Тайландад суух элчин сайдад Г.Тэнгэр, БНСУ-д суух элчин сайдад Б.Хурц нарыг тус тус дэмжсэн ч томилгоо хийгдээгүй өдийг хүрсэн. Дипломат албаны ажил гацаанд орсон учраас эдгээр элчин сайдыг буцаан татахаар болжээ. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжихээр шийджээ.

Цаашдаа МАН-ын бүлэг үл ойлголцлоос үүдэн төрийн ажлыг гацаахгүй бөгөөд дараагийн УИХ-ын дарга хэн байх, УИХ-ын даргыг огцруулах бичгийг өргөн барих эсэх асуудлыг хэлэлцээгүй гэдгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн юм.