ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар:  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наядыг давлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-13

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн орлого давж биелсэн талаар болон бусад төсөвтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2018 оны төсвийн талаар нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг үндэслэж та бүхэнд мэдээлэл өгье.  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого түүхэндаа анх удаа 10 их наядыг давлаа. Батлагдсан төсөвтэй харьцуулаад үзвэл нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгдлээ.  Батлагдсан төсвийн санхүүжилт 2018 онд 92 хувьтай байсан. Улсын тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг байгаа.  Тэнцвэржүүлсэн орлого дотор хоёр орлого орохгүй байгаа. Нэгдүгээрт, тогтворжилтын санд хуримтлагдаад байгаа 207 тэрбум төгрөг. Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөг ороогүй. 

Зардал 9.2 их наяд төгрөг. Ингээд тэнцвэржүүлсэн тэнцэл 12 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна. 2010 оноо хойш Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаагаа ашигтай гарч байгаа юм.  Монгол Улсын төсөв яагаад ашигтай гарсан бэ гэдэг талаар та бүхэнд тодорхой мэдээлэл өгье. Нийтдээ төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр давж биелсэн. Төсвийн орлого давж биелэхэд уул уурхайгаас давж орж ирсэн орлого 670 тэрбум төгрөг. Бусад нэмэгдсэн орлого нэг их наяд 370 тэрбум төгрөг байлаа. Зарим нэг хүн яриад байдаг. Нүүрсний экспорт нэмэгдэж байгаа учраас орлого нэмэгдсэн гэж. Тэгвэл зэс, нүүрсний орлого нэмэгдсэнтэй холбоотой 670 тэрбум төгрөг нэмэгдэж орж ирсэн. Бусад нь цэвэр эдийн засгийн идэхжил, өсөлт, хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой орж ирсэн орлого.

Уул уурхайн экспорт нэмэгдсэнтэй холбоотой нэмэгдэж орж ирж байгаа орлого  30 гаруй хувьтай. Үлдсэн 70 хувь нь эдийн засаг нэмэгдсэнтэй холбоотой орж ирж байгаа орлого гэдгийг та бүхэнд мэдээлье гэж бодсон юм. Төсвийн орлого ашигтай гарахад нэг нөлөөлсөн зүйл бол Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн байдал гэж би үзэж байгаа.

Төсөв ашигтай гарахад нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь төсвийн сахилга батыг улс орон даяар сахиулж эхлүүлсэнтэй холбоотой.  Та бүхэн мэдэх байх, лав л сүүлийн 10 орчим жил төсвийг дандаа тодотгож ирсэн. Жилд 1-3 удаа тодотгож байсан. Төсөв тодотгоно гэдэг муу үр дагавартай. Нэгэнт төсөв тодотгох юм чинь тэр зардлыг гаргачихъя гээд л гаргаад байдаг байсан.  Ингэснээр дандаа төрийн зардал нэмэгдэж байсан юм. Төсвийн тодотгол хийнэ гэдэг чинь төрийн зардлыг нэмнэ гэсэн үг. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөвт тодотгол хийхгүй гэдгээ оны эхэнд хэлсэн. Яг тэр зарчмаа барьж ажилласан. Төсөв тодотгоогүй. Цаашид ч төсөвт тодотгол хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотой нэг зүйл ажиглагдаж байгаа. 

Юу гэвэл, төсвийнхөө орлогыг зөв тооцдог болж эхэлж байна. Улс, орон нутгийн төсөв, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангууд орлогоо зөв тооцож эхэлсэн. Дээрээс нь гарах зардлаа зөв тооцож орж ирдэг болсон. Тодотгоно гэхээр явц дунд нь засчихна гэсэн байдлаар төсөвт ханддаг. Баахан худлаа, алдаатай тоо тавиад баталчихдаг. Түүгээр нь бодлого явж эхэлдэг. Ингэснээр эдийн засгийг удирдаж байдаг гол бодлогын нэг нь алдаатай болдог юм. Энэ алдааг зассанаар төсөв ашигтай гарлаа.

Би түрүүнд эдийн засгийн идэвхжил явж эхэлсэн гэж хэлсэн. 2018 онд НӨАТ-ын буцаан олголтоор 600 мянга гаруй хүнд 78 тэрбум төгрөгийг өгсөн. Энэ жилийн буцаанд олголтыг ойрын 2-3 долоо хоногийн дотор өгнө. Энэ жил буцаан олголтыг 808 мянган хүн авна. Өнгөрсөн жил 78 тэрбум төгрөгийг буцаан олголтоор өгч байсан бол одоо бидний гаргасан тооцоогоор 120 тэрбум төгрөгийг ард иргэдэд өгөхөөр байна. Үүнээс үзэхэд, буцаан олголтын хэмжээ 40 тэрбумаар нэмэгдсэн бөгөөд эдийн засгийн ивэвхжил ямар хэмжээнд хүрснийг илтгэж байна.

Дараагийн нэг зүйл нь, төсвийн зарлагыг  92 хувьтай санхүүжүүлсэн. 800 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтыг хийлгүй үлдээсэн. Үүн дотроос би нэг зардлыг онцолмоор байна. Энэ бол хүүгийн зардал. Авсан зээлийнхээ хүүгийн зардлыг Монгол Улс төсөвтөө суулгаж явдаг.  Харин 2018 онд Засгийн газар өндөр хүүтэй, дотоод, гадаадын нэг ширхэг ч бонд гаргаагүй. Дотоодын арилжааны банкуудаас нэг ч төгрөгийн зээл авалгүйгээр Засгийн газар ажилласан. Энэ хэмжээгээр арилжааны банкууд иргэдэд зээл олгож байсан. Эдийн засгийн идэвхжлийг дэмжих бололцоог гаргаж өгсөн. Засгийн газар бонд, үнэт цаас гаргаагүй учраас зээлийн хүүгийн төлбөрөөс 100 гаруй тэрбум төгрөг хэмнэж чадсан.

Түүнээс гадна, 2018 онд өндөр хүүтэй, богино хугацаатай зээлүүдийг өөрчилж чадсан. Үүнтэй холбоотойгоор 300-гаад тэрбум төгрөгийг хэмнэж чадсан гэдгийг онцолж хэлмээр байна.  Цаашдаа төсвийн сахилга бат сайтай, татвар төлөгчдийн мөнгийг хамгийн оновчтой, үр ашиг хэлбэрээр зарцуулаад явбал Монгол Улсын төсөв эрүүлжиж, өр шир багатай болно. Татвар төлөгчдийн мөнгийг ард иргэдэд өөрсөдөд нь зориулж зарцуулах боломж нэмэгдэхээр байна.  400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бас хийгдэж амжаагүй. Тендер нь амжаагүй, газрын асуудал нь шийдэгдээгүй. Тендерийн маргаантай асуудал гарсан зэрэг нь хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 400 тэрбум төгрөгөөр бага гарахад нөлөөлсөн.

2019, 2020 онд төлөгдөх томоохон өр байхгүй.  Төсөвт нэг их дарамт болохгүй багахан өр төлнө. Арилжааны буюу өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийн хэмжээ буурсан. Эсрэгээрээ хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нэмэгдсэн. Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ 21 их наяд төгрөг. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээгээр нь аваад үзвэл, 2017 оны төгсгөл дээр Засгийн газрын өрийн хэмжээ 74.4 хувийг эзэлж байсан. Харин 2018 оны төгсгөлд дотоодын нийт бүтээгдэхүүний  60.9 хувь болж буусан. Цаашлаад 40 орчим хувь руу оруулаад буулгачихвал төсөвт ямар нэг дарамт учрахгүйгээр төлөөд явж болно гэж тооцож байгаа” хэмээн мэдээллээ.