ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Мөнхбат:  Хэн нэг хүний Их хурлын дарга болгох тохироо хийгээгүй гэдгийг албан ёсоор хэлье

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-13

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат төрийн ордонд мэдээлэл хийж, өнгөрсөн долоо хоногт хуралдсан ТББХ-ны хурлын үеэр болсон зарим зүйлд тайлбар хийсэн юм.

Тэрбээр “Өнөөдөр зарим гишүүд ТББХ-ны хуралдааны үеэр болсон зүйлтэй холбоотой мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор зарим зүйлд залруулга хийж, бодит мэдээлэл өгье гэж бодсон юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хуралдсан ТББХ-ны хурлын үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын даргаас уучлал гуйсан. Л.Болд гишүүн Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нар тус бүр 200 хүн цуглуулж, жагсаалын үеэр цуст мөргөлдөөн хийх гэж байна гэж хэлсэндээ уучлал гуйсан зэрэгтээ тайлбар өглөө.

Би та бүхэнд бодит мэдээлэл өгч, болсон явдлыг нь хэлье. Яагаад гэвэл миний нэр холбогдож байгаа учраас үнэн мэдээлэл өгөх ёстой. Баасан гарагт УИХ-ын чуулганаар дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцсэний дараа ТББХ-ны хурлыг хуралдуулахаар зарласан.  Ирц 9 байна гээд намайг орж ирээч гэж Д.Лүндээжанцан дарга ярьсан. Тэр дагуу би орсон. Ирц хүргээд, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Дэгийн тухай хуулийг хэлэлцээд, асуудлаа шийдээд явъя гэдэг хүсэлтийг Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар надад тавьсан.  УИХ-ын даргатай орж ярилцаад, шийдэлд хүрээч гэсэн.

Мөн ирэх долоо хоногийн пүрэв гарагт нэгдсэн чуулганаар хэлэлцээд, тэр оройдоо байнгын хороогоор оруулаад, баасан гарагт эцэслэн баталъя гэсэн. Ерөөс пүрэв, баасан гарагт чуулган хуралддаг учраас дэгээрээ тэгж л явна. Би УИХ-ын даргатай орж уулзахад “Нэгэнт Ерөнхийлөгч өргөн барьчихсан учраас энэ хуулийн батлах хэрэгтэй. Түгжих, гацаах асуудал надаас гараагүй. Жагсаал цуглаан хийгээд байгаа гишүүдээс ийм хүсэлт тавьж байгаа бол асуудлаа шийдээд явъя” гэсэн. Ингээд Их хурлын дарга бид хоёр байнгын хорооны хуралд орж суусан.

ТББХ-ны албан ёсны протоколд энэ асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд оруулъя. Пүрэв гарагт байнгын хороог дахиж хуралдуулъя. Баасан гарагийн чуулганы хэлэлцэх асуудлын эхний нэг, хоёрт тавьж, хэлэлцэе. УИХ-ын дарга ч хуулийн дагуу ажлаа өгөхөд надад татгалзаад байх юм алга гэсэн. Ийм л зүйл болсон.

Гэтэл ТББХ-ны хурал дуусахтай зэрэгцээд Ж.Батзандан надад микрофон өгөөч гээд, баярлаж талархаж байна гэдэг зүйлээ ярьсан. Дараа нь Л.Оюун-Эрдэнэ мөн үг хэлмээр байна гээд, УИХ-ын даргын өрөөнд болсон асуудалтай холбоотой уучлал гуйж байгаагаа хэлсэн. Дараа нь Л.Болд гишүүн цуст мөргөлдөөн хийх гэж байна, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар хүн цуглуулж байгаа гэж худал мэдээлэл өгсөн гээд уучлал гуйсан.

Түүний дараа би Л.Болд гишүүний “Богд” банкинд байгаа 30.8 тэрбум төгрөгийн асуудлыг нэр бүхий УИХ-ын гишүүн хэвлэлээр ярьсан. Үүнийг би тогтоож, тодруулна. Хэрвээ үнэн байвал, 30 тэрбум “Богд” банк авсан бол яриад байх зүйлгүй. Хэрвээ аваагүй, ташаа мэдээлэл байвал би хүлцэл өчье гэж хэлсэн. Ийм л юм болсон. Гэтэл өчигдөр Ж.Батзандан нарын гишүүд хэвлэлд яриа өгөхдөө “М.Энхболд, Ж.Мөнхбат нар түнтийчихээд орж ирээд хуралд суусан. Уучлал гуйхгүй бол ТББХ-ны ирцийг бүрдүүлэхгүй гэж ярьсан. Тийм учраас уучлал гуйсан” гэж ярьж байна билээ. Энэ худлаа мэдээлэл шүү. Бүх зүйл протоколд бичээстэй байгаа. ТББХ-ны хурлын протоколыг аваад үзээрэй. Ийм худлаа мэдээлэл хийх нь утгатай учраас би залруулга хийж байна.

Түүнээс гадна, өнөөдөр мэдээлэл хийхдээ Т.Аюурсайхан бас л худлаа зүйл ярилаа. Бид юу гэж ярьж тохирсон талаар түрүүнд би хэлсэн дээ. Гэтэл чуулганы хэлэлцэх асуудлын долоод Дэгийн тухай хуулийг оруулсан энэ тэр гэж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн 14:00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаад, хэлэлцэх асуудлынхаа дарааллыг тогтчихсон байсан. Энэ дарааллаар тэр хууль долоод байгаа. Харин баасан гарагийнхаа орой бид уулзаад, долоод байгаа асуудлыг нэгд тавьж, хэлэлцэе гэж тохирсон. Гэтэл Т.Аюурсайхан эсрэгээр нь тайлбарлаж, худал мэдээлэл өглөө.

Өнөөдрийн Ж.Батзандан нарын хийсэн мэдээлэлд бас нэг худлаа зүйл яригдлаа. Албан тушаалын тохироо хийж байгаа юм байна. Д.Хаянхярвааг УИХ-ын дарга болгоно гэж тохирсон. Н.Номтойбаярыг сайд болгоно гэж тохирсон байна гэж хэлсэн. МАН дотроо учраа ололцохоор ярилцаж байгаа нь үнэн. Харин албан тушаалын наймаа  хийж, хэн нэгэн хүнийг Их хурлын дарга болгохоор нэг ч тохироо хийгээгүй гэдгийг албан ёсоор хэлье” хэмээн хэллээ.