ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Номингэрэл: Авлигыг мөрдөх, илрүүлэх хуулийн систем хангалтгүй ажиллаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-14

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, судлаач Х.Номингэрэлийг энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа. 

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Мөн танай төрийн бус байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна бэ. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд гэхээр тун содон санагдсан учраас зорьж ярилцлага хийе гэж бодсон юм?

-Манай төрийн бус байгууллага найман жилийн өмнө байгуулагдсан. Монгол Улсад эмэгтэйчүүд эрхээ эдлэхэд тулгарч буй бэрхшээлтэй хамтдаа тэмцэх, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой байгуулагдсан. Одоо бол гурван үндсэн хөтөлбөртэй ажилладаг. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх, эмэгтэйчүүдийн идэвх оролцоо, ур чадвар манлайллыг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг. Дан ганц эмэгтэйчүүд гэхгүй залуучуудын нийгмийн идэвх, ардчилалд идэвхтэй оролцох оролцоог дээшлүүлэх чиглэлд ажилладаг. Миний хувьд эрхзүйч мэргэжилтэй. МУИС-ийн Хуульзүйн сургуулийг төгссөн. Үндсэн хуулийн харьцуулсан эрхзүй сэдвээр магистрын зэргээ Унгар улсад хамгаалсан. Үндсэн хуулийн эрхзүйг судалдаг гэсэн үг. 

-Жендэрт суурилсан хүчирхийллийг маш их ярьж байна. Гэхдээ хууль тогтоомж гаргаж, ТББ-ууд нэгдэж ажиллаад ч хүчирхийллийг зогсоож чадахгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл цаашлаад ажлын байрны бэлгийн дарамт зэргээр ил далд хүчирхийлэл ихэссэн үү гэхээс буурсангүй. Эмэгтэйчүүдийг үл тоомсорлох хандлага нийгмийн бүх л давхаргад бүрэн арилж чадахгүй байгаа. Энэ чиглэлд хэрхэн анхаарч байна? 

-Энэ амархан зүйл биш. Маш олон зуун жилийн тогтсон хэм хэмжээ юм. Өнөөг хүртэл эцгийн эрхт ёсны тогтолцоонд амьдарсаар байна. Уламжлалд суурилсан тогтолцоог хуулиар засах ч амар биш. Цаг хугацаа шаардана. Гэхдээ Монгол Улс гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлд тодорхой алхам хийж байгаа. Шинэ хууль батлагдахаас өмнө жилд ойролцоогоор 25-30 эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алддаг байлаа. Гэтэл сүүлийн жилд энэ тоо буурч найм болсон байна. Найман хүний амь ч харамсалтай байна. Цаашдаа энэ тоог багасгах, бүр байхгүй болгох чиглэлд төрийн болон ТББ-ын ажил чиглэх ёстой юм. Энэ бол нас барсан тоо. Үүнээс цаана бие махбодь, сэтгэл санаа, эд материал, эдийн засгийн хувьд хараат байлгах зэрэг олон тооны хүчирхийлэл үйлдэгдсэн хэвээр байна. Энэ мэт тохиолдлууд шүүхэд очиход шийдвэрлэх боломжийг шинэ хуулиар бий болгосон нь давуу тал гэж харж байгаа.

Анх хуулийг боловсруулах гэж зүтгэж байсан ТББ-ын идэвхтэн эмэгтэйчүүдэд бид талархах учиртай юм. 2004 онд хуулийн төслийг анх УИХ-д оруулж байхад байх ёстой зүйл гэх мэтээр эрэгтэй гишүүдийн зүгээс шоолох, үл тоох хандлага гарч байсан юм билээ. Нөгөөтээгүүр, олон нийтийн мэдээлэл сайн болсон. Иргэний үүргээ ч ухамсарладаг болчихлоо. Үүнээс гадна хүчирхийллийн нөхцөл байдлыг мэдээлэх үүрэгтэй албан тушаалтан ч нэмэгдчихсэн. Тухайлбал, эмч хүнд хүчирхийлэлд өртсөн иргэн ирлээ гэхэд мэдээлэх үүрэг хүлээнэ. Багш нар сурагч нь хүчирхийлэлд өртөж байгааг мэдсэн бол мэдээлэх үүрэгтэй боллоо. Гэх мэтээр алхмууд хийгдэж байгаа юм. Гэхдээ уламжлалт хандлага арилахгүй байна. Жишээ нь, эмэгтэй хүнийг магтахдаа эр хүн шиг гэж магтана. Тэгээд эрэгтэй хүнийг доромжлохдоо эмэгтэй хүн шиг гэж хэлдэг. Эрэмблэл буюу эрийн дор эм, эмийн дээр эр гэдэг уламжлалт чиг хандлагаас салж чадахгүй байгаа юм. Хүмүүс хэлдэг л дээ, Араб, Японы эмэгтэйчүүдийг хараач гэдэг ч юм уу. Энэ үнэн л дээ. Гэхдээ заавал яагаад муутай нь харьцуулах ёстой гэж. Биднээс ч илүү эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэг улс олон байгаа учраас тэдний хэмжээнд хүрэхийн тулд ажиллах ёстой юм. 

-Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн боловсрол өндөр гэж тооцдог. Гадны сэтгүүлчид ч энэ талаар нийтлэлдээ дурдаж бай­гаа. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд, эсвэл удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоо дутмаг хэвээр л байгаа. Судалгаанаас үзвэл эмэгтэй­чүүдийн оролцоо ямар салбарт илүү байна вэ? 

-Сүүлийн хэдэн жил судалгаа хийлээ. Улс төрийн оролцоо маш түвэгтэй юм билээ. Сонгогчдын сонголт нөлөөлнө. Гэхдээ квот буюу тодорхой тооны харьцаа зайлшгүй байх ёстой гэж сүүлийн хэдэн жил ярилаа. Нэг хүйсийн давамгай байдал бий болгохгүй гэдэг үүднээс 30х70 байх гэх мэтээр хуульчилж байна. Зарим улсад эмэгтэйчүүдийн квот бүр 50 байдаг. Манайх хуулиа гаргахдаа 20 болгож бууруулсан. Энэ бол ялгаварлал гэх мэтээр ярьдаг. Гэхдээ маш олон улс орны туршлагад тулгуурлаад ярихаар эмэгтэйчүүд нь боловсролтой, шийдвэр гаргах түвшинд бэлтгэгдсэн байлаа ч тогтолцоо нь өөрөө эрэгтэй стандарттай байгаа юм. Өөрөөр хэлбэл, яг л эрэгтэй хүн шиг ажиллаж, амьдарч байж тэр стандарт руу нэвтэрч орно. Эмэгтэйчүүд хүсдэггүй гэдэг тайлбар хийдэг. Тийм биш л дээ. Эмэгтэйчүүдэд нэгдүгээрт цаг зав алга. Ямар ч өндөр боловсролтой байлаа гээд гэр орны халамж, ахуйн үүргээ хэзээ ч орхидоггүй. Албан бус хөдөлмөрийн цагийн судалгаа гэж байдаг юм. Эхнэр, нөхөр хоёр найман цагаар хоёулаа ажилласан ч гэсэн гэртээ ирээд цэвэрлэгээ хийх, хүүхдээ асрах, хоолоо хийх цагаа тооцохоор эмэгтэйчүүдийнх илүү болдог. Энэ цагтаа эмэгтэйчүүд хүнтэй улс төр яриад сууж чадахгүй байгаа юм.

Мөн мөнгөний асуудал байна. Орчин үед ардчилал өөрөө үнэтэй болчихлоо. Хэвлэл мэдээллийн орон зай хүртэл үнэтэй болж эхэллээ. Хэн хүссэн нь дуу хоолойгоо гаргаж чадахгүй болж байна. Цаашлаад нам руу ороход татвар төлнө, албан тушаал ахих тусмаа мөнгө төлдөг. Сонгуульд өрсөлдвөл бүр ч үнэтэй. Энэ тогтолцоо нь өөрөө хөрөнгө орлого багатай бүлгийг гадуурхдаг. Орлогын түвшинг судлаад үзэхээр ч эрчүүдийнх илүү. Дундаж цалингаар тооцохоор 100 мянган төгрөгийн ялгаа гардаг. Газар өмчлөл, байрны өмчлөлийн судалгаанаас ч сонирхолтой тоо харагдах байх. Одоогоор энэ чиглэлээр хийгээгүй байна. Боловсролын түвшин өндөр гэдэг нь үнэн. Охидын боловсролд эцэг, эхчүүд хөрөнгө оруулалт хийгээд, хөвгүүдээ үлдээгээд байна вэ гэхээр нийгэмд учирч болох эрсдэлээс улбаатай юм. Миний охин боловсролтой, бие даасан хүн болохгүй бол нэг эрийг дагаад юу ч болох билээ гэсэн айдас байна. Эрчүүд бол яаж ийгээд орлоготой амьдарна гэж үздэг. Яагаад гэвэл нийгмийн тогтолцоо эрчүүдэд илүү боломж олгодог учраас тэр. Эмэгтэйчүүд үйлчилгээний салбарт илүү төвлөрч байгаа. Боловсрол, эрүүл мэнд гэх мэтээр цалин багатай салбаруудад ажилладаг. Эрчүүд харин инженер, технологийн салбар гэх мэтээр ирээдүйд цалин өндөр байх салбаруудад давамгай байдаг. Улс төрийн оролцоо энэ мэт асуудлаас болдог юм. Тэгш хөдөлмөрлөх, тэгш орлого олох боломжгүй учраас нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүний өрсөлдөөн гэж харж болохгүй л дээ. 

-Бизнесийн салбарт манлайлж байсан олон мундаг эмэгтэйчүүд улс төрд ороод ирэхээр үнэлэмжээ алдаж эхэлдэг. Нийгмийн шүүмжлэлийн бай болдог. Үг хэлж буй байдал, биеэ авч явах соёлоос эхлээд шүүмжлүүлж байна. Улс төрд манлайлах чадвар суугаагүй байдаг. Манлайлал үзүүлээч гэж явуулахаар хүссэн хэмжээнд байж чадахгүй учраас эмэгтэйчүүдэд квот олгох, мөн эмэгтэй улстөрчдөд итгэх итгэл улам бүр багасаад байна уу гэж харж байна?

-Хоёр талтай юм. Нийгмийн маш хатуу шүүлт байна. Алдаа гаргаж байгаа эрчүүд олон байгаа ч эмэгтэйг нь илүү шударга байх ёстой, илүү цэгцтэй, сайхан бай гэж нэхээд байдаг. Эмэгтэй хүний алдаа тодорч харагддаг. Хоёрдугаарт, бизнес эрхэлж байсан гэдэг нь иргэдээ шууд төлөөлж чадна гэсэн үг биш юм. Эмэгтэйчүүдийг квотоор улс төрд дэмжих ёстой ч улс төр үнэтэй учраас тэр орон зайг бизнес эрхлэгчид аваад байгаа юм. Гэтэл бизнес эрхлэгчид чинь бизнесээ л чөлөөтэй явуулж байх ёстой хүмүүс. Улс төрд орж ирснээр давхар хамгаалалттай болох гээд байгаа ч юм шиг. Бизнес эрхлэгчид ердийн амьдралаас тасарчихсан байдаг. Утаа, агаарын бохирдол, коридорт хэвтэж байгаа эх, хүүхдийн амьдралыг мэдэхгүй хангалттай баян эмэгтэй учраас хүсээд байгаа дуу хоолойг илэрхийлж чадахгүй байгаа юм. Хүн юм чинь хүний амьдралын өнцгөөс харах болов уу гэхээр тэгж чадахгүй учраас нийгэм бухимдаад байна. Би судлаач хүний хувьд ч энэ талаар шүүмжлэлтэй ханддаг. Нийгмийн бухимдалд хариу үйлдэл үзүүлэх талаар эр, эмгүй улстөрчид маш хойрго ханддаг.

Туулаад гараад ирчихсэн эмэгтэй улстөрч бол байгаа. Гэхдээ чи эмэгтэй учраас гэж бид илүү их зүйлийг хүсээд байдаг. Эрчүүдээс илүү давхар ачаа үүрч ордог гэсэн үг л дээ. Илүү шүүмжилж, илүү үр дүн нэхдэг. Ер нь яагаад гэр бүлийн хүчирхийлэл дээр эмэгтэй хүн дуугарах ёстой гэж. Эрчүүд ч дуугарч болно. Эрчүүдээс үүнийг нэхдэггүй. Эмэгтэй гишүүд олон болоосой гэж хүсдэг нь эмэгтэй хүний амьдралын туршлага тэнд ороосой гэсэн хүсэл байдаг юм. Тусахгүй байгаа амьдралын туршлагаа тэнд оруулах гэж, түүнийг эмэгтэйчүүд хийж чадна гэдэг итгэл байгаа юм. Нэг талаар сайн хэрэг. Улаанбаатарын нөхцөл байдлыг харъя. Хүүхэд салхилуулах, тэр байтугай тоглуулах талбай алга. Энэ нөхцөл байдлыг залуу эцэг эхчүүд, мөн эхчүүд мэдэрдэг. Тиймээс эх хүн тэнд суувал харна даа гэсэн нийгмийн хүлээлтийг улстөрч эмэгтэйчүүд олж харахгүй бол харамсалтай. Даарин дээр давс гэгчээр эмэгтэй улстөрчид хүртэл авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод ирэхээр дараа, дараагийн эмэгтэйчүүдэд манлайлал биш эсрэгээрээ дарамт болж байгаа юм. Сууриараа ялгаварласан тогтолцоонд нэмэх оноо өгөөд байна л даа. Өмнөх парламентын эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн байгууллагуудтай хамтарч ажиллах, эх хүүхдийн дуу хоолой болох чиглэлд илүү чадварлаг ажиллаж байсан гэж боддог. 

-Эмэгтэйчүүдийн тал­аар тун ч дэлгэрэнгүй ярьчихлаа. Та хууль дээдлэх ёс, авлигын асуудлаар илтгэл хэлэлцүүлсэн юм билээ. Энэ чиглэлд ямар судалгаа хийв. Нийгмийг донсолгож байгаа сэдэв бол яах аргагүй улстөрчдийн авлига, албан тушаалаа давуулж ашигласан дуулиан байна?

-Авлига нийгмийн нэг үзэгдэл, хэсэг бүлэгт тохиолдож байгаа алдаа дутагдал биш. Зам дээр зөрчил гарлаа гэхэд залруулж болно. Хууль тогтоомжоо сайжруулж болно. Гэтэл авлига бол гарч байгаа үзэгдлүүдээс ялгаатай нь хүмүүсийн оюун санааг иддэг. Өөрөөр хэлбэл, төр засаг, хуулийн систем, ардчилал ажиллаж байна гэсэн итгэлийг бүхэлд нь байхгүй болгодог. Ардчилсан тогтолцоо иргэдийн итгэл дээр тогтдог. Хэрвээ энэ итгэл байхгүй бол дарангуйллын тогтолцоо бий болно. Хүн сайн дураар хуулийг дагаж амьдардаг. Тэр итгэл, харилцааг авлига байхгүй болгодог. Их хурлын гишүүд бүгд л авлига авч байна. 60 тэрбумаар нь, ЖДҮ-чид нь хулгайлж байхад би авлаа гээд яах юм, эсвэл миний эмчид өгч байгаа мөнгө авлига биш гэх мэт сэтгэлзүйтэй болно. Хамгийн гол аюул нь энэ юм. Энэ сэтгэлзүй нь авлигыг ихэсгэдэг. Авлига зөвхөн тухайн салбараа унагадаггүй, ардчиллыг татан унагадаг аюултай үзэгдэл. Зүүн Европ, Латин Америк, Африкийн орнуудад энэ үзэгдэл ажиглагдаж байна. Ямар ч санаачилга, сонгуулийн гоё амлалт, сайн боловсруулсан хууль байлаа гээд хэрэгжих үедээ авлигад өртчихвөл ямар ч хэрэггүй болдог. Баллуурдчихаж байна гэсэн үг л дээ. 

-Таны зүгээс ямар гарц гаргалгаа ярив? 

-Миний санаачилга гэхээс илүү хүн бүхний мэддэг атлаа дахин сэргээж ярих ёстой зүйл бол хууль дээдлэх ёс юм. Энэ бол хүн бүхний үнэт ёс. Төрийн албан хаагч л хуулийг дээдлэх ёстой юм биш. Төрийн албан хаагчид зөрчиж байвал тийм хүмүүсийг гаргахгүй байх тухай бодох ёстой болохоос дагаж хууль зөрчдөг байж болохгүй. Тэгэх л юм бол систем нуран унаж, дарангуйлал тогтоно. Муу хууль байсан ч хуулиар засах ёстой. Хууль зөрчиж байвал хуулийг мөрдүүлж, хариуцлага тооцох ёстой. Монгол Улсын 600 гаруй хууль тогтоомж, Үндсэн хуулиа дагаж гарсан 2000 орчим дүрэм журамд авлигачийг, авлигын хэргийг шийдэж чадах бололцоо бүрэн байгаа. Энэ системийн нөөц бололцоог ашиглах боломж бий. Харамсалтай нь тэр авлигач түрүүлж явах уу, энэ нь үлдэх үү гэдэгт л зөрчилдөөд байгаа юм. Хуульчид, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл хамтран ажиллаж, улс төрийн бүлэглэл, тодорхой эрх ашиггүйгээр эдгээр хуулийг мөрдүүлэх ёстой юм. Авлигаас гарахын тулд АТГ ажлаа хийхийг, эсвэл УИХ-ын гишүүдийг хүлээгээд байж болохгүй. Бид өөрсдөөсөө эхлэх ёстой юм. Авлига ихсэхээр дагаад авлига өгдөг, авдаг чөтгөрийн тойргоос гарах хэрэгтэй. 

-Парламент өөрөө хууль дээдлэх ёсоо үл тоож байна. Хулгайчаа хамгаалж үлддэг. Таны хэлснээр барьцах сэтгэл нийгэмд байгаа. Хоёрдугаарт, авлига өгснөө хэн нэгэн ид бахтайгаар зарладаг боллоо. Нэг талаар “шүгэл үлээж” буй мэт боловч авлига өгснөө, түүнийг авснаа ил тод зарлах нь “Ардын баатар”-ын хэмжээнд үнэлэгдэж боломгүй байгаа юм? 

-Хууль тогтоогчид хуулиа зөрчөөд эхэлвэл яах вэ гэдэг систем Үндсэн хуульд бий. Тэр нь Үндсэн хуулийн цэц. Үндсэн хуулийг зөрчсөн системийг байранд нь тавьдаг байх ёстой. Засгийн газар хуулиа зөрчвөл хянадаг өөр нэг систем нь Захиргааны хэргийн шүүх. Гэтэл эдгээр системүүд хэр ажиллаж байна вэ гэдгийг хөндөж ярих болсон. Иргэд барьцаанд эхлэх л юм бол буруу тийш явна. Авлига өгснөө ил тод ярьж “Ардын баатар” болдог зүйл бол буруу. Энэ хүн үнэхээр “Ардын баатар” мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Гэхдээ нөхцөл байдал гарцаагүй авлига өгөх хэмжээнд хүргэж, үүнийгээ илчилсэн тохиолдолд хариуцлагаас чөлөөлнө гэсэн заалт Эрүүгийн хуульд байгаа. Үүнийг олон улсын хууль тогтоомжид ч тусгасан байдаг. Яагаад гэвэл, авлига өөрөө нууц хүрээнд явдаг. Үүнийг илчлэхийн тулд бодлогын механизм болгож оруулсан хэрэг. Авлига, албан тушаалын хэрэг даамжирсан энэ цагт илчлэх тусмаа сайн гэж боддог юм. 

-Нийгэм өөрөө эрүүлжээд байна уу, эсвэл хууль тогтоомж чангарчихав уу. Авлига өмнө нууц байсан, одоо ил болоод байгаа учраас бид дэлхий нийтэд олон байр ухраад байгаа гэдэг зүйлийг судлаачид хэлдэг. Энэ дүгнэлттэй та санал нэгдэх үү? 

-Ардчиллын буян юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийн ил тод байдлын гавьяа. Төрийн албан тушаалтан чуулганы танхимдаа байнга авлига яриад байгаа нь муухай харагдаж байгаа. Даанч араас нь хариуцлага алга. Энэ бол маш аюултай. Авлига бий болжээ гэвэл хуулийн систем араас нь ажиллаж, олон нийтийн итгэлийг сэргээж байх ёстой. Даанч тэр нь манайд дутмаг байна. Авлигыг мөрдөх, илрүүлэх хуулийн систем хангалтгүй ажиллаж байна гэж хэлнэ. Авлига байх ёстой зүйл болчихсон нь аюултай. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд бас ч гэж эрх мэдэлд нэг гарт төвлөрчихөөгүй байна. Эрх мэдлийн бүлэглэл хооронд тэнцвэр байгаа учраас бие биенээ илчлээд байгаа юм. Бүлэглэл хоорондын тэмцэл хэр ёсзүйтэй, хууль ёсны хүрээнд байна вэ гэдэг нь асуудал. Вакцин бол өвчний вирус. Түүнийг тарьсны дараа халуурдаг. Яг түүн шиг энэ үйл явцын дараа нийгэм илүү зөв чиглэлд явж, илүү хариуцлагатай, зөв сонголт хийнэ гэж бодоод байгаа юм. Авлигыг дарна гэж нэг гарт төвлөрүүлэх, ардчилал ийм заваан учраас цэгцтэй цэвэрхэн болгоё гэсэн санаа бол зөв зам биш юм. Энэ нь дарангуйлал руу хөтлөх аюултай.