ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: Төсөвт тодотгол хийхээ больсон учраас ашигтай гарсан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-14

-У.Хүрэлсүхийн засгийн газар цаашид ч төсөвт тодотгол хийхгүй-


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр 2018 оны төсвийн орлого давж биелсэн талаар болон бусад төсөвтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “ Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого түүхэндаа анх удаа 10 их наядыг давлаа. Батлагдсан төсөвтэй харьцуулаад үзвэл нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгдлээ.  Батлагдсан төсвийн санхүүжилт 2018 онд 92 хувьтай байсан юм. Улсын тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг байгаа.  Тэнцвэржүүлсэн орлого дотор хоёр орлого орохгүй байгаа. Нэгдүгээрт, тогтворжилтын санд хуримтлагдаад байгаа 207 тэрбум төгрөг. Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөг ороогүй. 
Зардал 9.2 их наяд төгрөг. Ингээд тэнцвэржүүлсэн тэнцэл 12 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна. 2010 оноо хойш Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаагаа ашигтай гарч байгаа юм.  Монгол Улсын төсөв яагаад ашигтай гарсан  талаар та бүхэнд тодорхой мэдээлэл өгье. Нийтдээ төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелсэн.

Төсвийн орлого давж биелэхэд уул уурхайгаас давж орж ирсэн орлого 670 тэрбум төгрөг, бусад нэмэгдсэн орлого нэг их наяд 370 тэрбум төгрөг байлаа. Нүүрсний экспорт нэмэгдэж байгаа учраас орлого нэмэгдсэн гэж зарим хүмүүс ярьж байна. Тэгвэл зэс, нүүрсний орлого нэмэгдсэнтэй холбоотой 670 тэрбум төгрөг нэмэгдэж орж ирсэн. Бусад нь цэвэр эдийн засгийн идэхжил, өсөлт, хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой орж ирсэн орлого. Уул уурхайн экспорт нэмэгдсэнтэй холбоотой орж ирсэн орлого  30 гаруй хувьтай. Үлдсэн 70 хувь нь эдийн засаг нэмэгдсэнтэй холбоотой орж ирж байгаа орлого юм. Төсвийн орлого ашигтай гарахад нөлөөлсөн нэг зүйл бол Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн байдал гэж үзэж байна. Төсөв ашигтай гарахад нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь төсвийн сахилга батыг улс орон даяар сахиулж эхлүүлсэнтэй холбоотой. Сүүлийн 10 орчим жил төсвийг дандаа тодотгож ирсэн. Төсөв тодотгоно гэдэг муу үр дагавартай. Нэгэнт төсөв тодотгох юм чинь тэр зардлыг гаргачихъя гээд л гаргаад байдаг.  Ингэснээр дандаа төрийн зардал нэмэгдэж байсан юм. Төсвийн тодотгол хийнэ гэдэг нь төрийн зардлыг нэмнэ гэсэн үг. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөвт тодотгол хийхгүй гэдгээ оны эхэнд хэлсэн. Яг тэр зарчмаа барьж ажилласан. Цаашид ч төсөвт тодотгол хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ алдааг зассанаар төсөв ашигтай гарлаа.

2018 онд НӨАТ-ын буцаан олголтоор 600 мянга гаруй хүнд 78 тэрбум төгрөгийг өгсөн. Энэ жилийн буцаанд олголтыг ойрын 2-3 долоо хоногийн дотор өгнө. Энэ жил буцаан олголтыг 808 мянган хүн авна. Өнгөрсөн жил 78 тэрбум төгрөгийг буцаан олголтоор өгч байсан бол одоо бидний гаргасан тооцоогоор 120 тэрбум төгрөгийг ард иргэдэд өгөхөөр байна. Үүнээс үзэхэд, буцаан олголтын хэмжээ 40 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд эдийн засгийн ивэвхжил ямар хэмжээнд хүрснийг илтгэж байна.

Дараагийн нэг зүйл нь, төсвийн зарлагыг  92 хувьтай санхүүжүүлсэн. 800 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтыг хийлгүй үлдээсэн. Үүн дотроос би нэг зардлыг онцолмоор байна. Энэ бол хүүгийн зардал. Авсан зээлийнхээ хүүгийн зардлыг Монгол Улс төсөвтөө суулгаж явдаг.  Харин 2018 онд Засгийн газар өндөр хүүтэй, дотоод, гадаадын нэг ширхэг ч бонд гаргаагүй. Дотоодын арилжааны банкуудаас нэг ч төгрөгийн зээл авалгүйгээр Засгийн газар ажилласан. Энэ хэмжээгээр арилжааны банкууд иргэдэд зээл олгож байсан. Эдийн засгийн идэвхжлийг дэмжих бололцоог гаргаж өгсөн. Засгийн газар бонд, үнэт цаас гаргаагүй учраас зээлийн хүүгийн төлбөрөөс 100 гаруй тэрбум төгрөг хэмнэж чадсан.

2019, 2020 онд төлөгдөх томоохон өр байхгүй.  Төсөвт нэг их дарамт болохгүй багахан өр төлнө” хэмээн мэдээллээ. 

-Ирэх оны гол эрсдлийг төгрөгийн ханш гээд бай­гаа. Төв банкнаас гадна Сангийн яам төгрөгийн ханш­ны талаар ямар бод­лого баримталж байгаа вэ? 

-Өдөр тутамд хэчнээн ам.доллар орж байгаа, ямар хувийн аж ахуйн нэгж ямар банкнаас хэчнээн доллар авч байна вэ гэдгийг Сангийн яам мэдэхгүй. Тиймээс богино хугацааны валютын ханшийн хөдөлгөөнийг Монгол банк илүү дэлгэрэнгүй хариулах байх. Сангийн яам валютын ханшийн асуудалд голлон юуг анхаарч байна вэ гэвэл, нэгдүгээрт гадаад өрийн дарамтыг оновчтой, зөв буулгаж авч чадвал эргээд дунд хугацаанд болон урт хугацаанд валютын ханшид ирэх дарамтуудыг буулгах юм. Хоёрдугаарт, экспортыг нэмэгдүүлэх талаар Сангийн яам тууштай анхаарч ажиллаж байна. Тийм ч учраас 2019 оны төсөвт ашигт малтмалын баялаг гардаг бүх боомтуудыг камержуулах, ухаалаг систем нэвтрүүлж, камераар хяналт тавих, гарч байгаа тээврийн хэрэгсэл болгоноос сорьц авдаг болохын төлөө ажиллаж байна. Одоо бол хяналт сул байгаа. Ямар чанарын нүүрс гарч байгаа, хэчнээн тонн нүүр хулгайлагдаж байна вэ гэдгийг бүрэн хянаж чадахгүй байна. Энэ хяналтыг хийснээр дунд болон ойрын хугацаанд экспортын орлогыг нэмэгдүүлэх замаар валютын ханшид нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Дараагийн зүйл бол экспортын бүтэц байгаа. Экспортыг дэмжиж, импортыг орлосон бүтэцтэй, аль болох олон бүтээгдэхүүн экспортоор гаргадаг, импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэдэг эдийн засгийн бүтцийг бий болгож чадвал валютын ханшид эерэгээр нөлөөлөх юм. Энэ чиглэлээр Засгийн газар бодлогоо гаргаад явдаг. Энэ нь дунд хугацаа болон урт хугацааны явцад хийгдэх ажил юм. 

-ЖДҮХС-гаас Сангийн яам оны сүүлд байгуул­лагын нэр дээр 19 тэрбум төгрөг авсан гэх мэ­дээллийг “Баялаг бүтээгч­дийг дэмжих хол­боо”-ноос гаргасан. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ? 

-ЖДҮХС-д нийт 342 тэрбум төгрөг санхүүгийн тайландаа байгаа юм. Үүнээс 150 тэрбум төгрөгийг долоон жилийн өмнө Сангийн яам үнэт цаас гаргаад ЖДҮХС-д өгсөн. Үүний буцаан төлөлт нь муу байсан юм. ЖДҮХС зээлж авсан мөнгөө л буцаагаад төлсөн. 

-Арваад тэрбум төг­рөгийн ашигтай байлаа гэж байна. Энэ ашиг аль сан руу чиглэдэг юм бол? 

-2018 оны төсвийг хэрэг­жүүлэхдээ сангийн яам 2.4 их наяд төгрөгийн зээл авч, санхүүжүүлэх эрхтэйгээр төсвийг баталж байсан. Нэг ч төгрөгийн зээл авалгүйгээр гүйцэтгэлийг гаргасан. Ингэхдээ төрийн сангийн мөнгийг арилжааны банкуудад бага хүүтэй байршуулж, эргүүлээд өндөр хүүтэй зээлж авдаг байсныг зогсоосон. Зээл тусламжийн нэрээр баахан төслүүд хэрэгжүүлж, бүгдэд нь Засгийн газрын баталгаа гаргачихдаг байсан юм. Энэ бүх мөнгө арилжааны банкуудад байршиж байсныг Төрийн санд авчирсан. Ингээд төрийн сандаа Засгийн газрын хөрөнгө, санхүүг зөв удирдаж явсан. Зээл авч санхүүжүүлэх ёстой байсан төслүүдийг түүгээрээ л санхүүжүүлсэн гэсэн үг. 

-НӨАТ-ын буцаан олгол­тыг барьцаалан арилжааны хоёр банк зээл олгож байна гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ бол хууль бус үйл ажиллагаа юм. Яагаад гэвэл та төлбөр төлж үйлчилгээ авч байгаа бүхэн таны нууц байх ёстой. Хувь хүний нууцыг хуулиар хамгаална гэж хуульд заасан байдаг. Гэтэл таварын байгууллага Сангийн яамны зүгээс удаа дараа хориглосоор байтал ийм хууль бус гэрээг хийчихсэн байгаа юм. Хууль бус гэрээгээ өөрсдөө цуцлах ёстой ч цуцлаагүй явж байгаа. 

-Та татварын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан. Энд НӨАТ-ын татварын дарамтын асуудлыг оруулж ирсэн үү. Иргэдийн төл­сөн татварын дөнгөж нэг хувийг буцаан олгож байгаа нь иргэдэд ашиггүй байна гэх шүүмжлэл байна? 

-Зөвхөн НӨАТ биш маш олон төрлийн татвар байдаг. Бид эдгээрийг багцаар нь авч үзэн заримыг нь хэвээр нь үлдээж, заримынх нь хэмжээг буулгаад өргөн мэдүүлсэн байгаа. Аль болох зайлсхийж болдог татваруудын хувь, хэмжээг бууруулсан. Зайлс­хийхэд төвөгтэй мөртлөө эдийн засгийн бодлогыг зөвөөр явуулахад хэрэгтэй татваруудыг өөрчлөөгүй.