ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эмч нарын цалин нэг сая давж, тэтгэврийн дундаж 310 мянга төгрөг боллоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-16

Засгийн газрын өчигдөрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдын  цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг дөрвөн багц асуудлаар шийдвэр гаргалаа. Тодруулбал, Нийгмийн даатгал болон, халамжийн сангаас олгодог тэтгэврийг хоёрдугаар сарын 1-ээс нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан юм. Ингэхдээ бүрэн  тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмж 310 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 270  мянган төгрөг болгохоор тогтоожээ. Бүрэн тэтгэврээс бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийг 24 мянган төгрөгөөр тус тус нэмсэн байна. Ингэснээр тэтгэврийн дундаж хэмжээ 372 мянган төгрөг болж байгаа юм. Хоёрдугаар сарын 1-ээс эхлэн тэтгэврийг нэмэгдсэн дүнгээр нь олгох аж. Зайлшгүй төрөөс халамж, асрамж авах шаардлагатай байдаг учраас халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхдээ доод хэмжээг 155 мянган төгрөг байсныг 174 мянган төгрөг байхаар тогтоожээ. Үүнийг мөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх юм байна.

 

191 мянган төрийн албан хаагчийн цалинг дахин найман хувиар нэмлээ

-Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэхдээ “Засгийн газар 2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхээр 267 тэрбум төгрөг тусгасан. МҮЭХ, АОЭХ болон Засгийн газар хамтарсан гурван талт хэлэлцээрийн хүрээнд 2019 онд төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ  гэсэн хэлэлцээр хийсэн. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд эдийн засагт гарсан өөрчлөлт, өсөлт нөлөөлж буйг тодотгож байна. Засгийн газар 2019 оны “Иргэн төвтэй төр” болгон зарласан бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй хүргэхэд цалин нэмэх асуудал түлхэц болно гэж бодож байна. 2019 онд 191 мянган төрийн албан хаагчийн цалинг найман хувиар нэмэгдүүлж, нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлнэ.  Өмнө нь 2018 оны есдүгээр сарын 1-нээс багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. Энэ үеэр цалин нь нэмэгдээгүй албан хаагчдын цалинг мөн найман хувиар  нэмэгдүүлж тооцож байгаа. 

Өөрөөр хэлбэл, 2018 оны есдүгээр сарын 1-ээс цалин нь нэмэгдээгүй төрийн албан хаагчдын цалин 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 16 хувиар нэмэгдэж байна гэсэн үг. Түүнээс гадна 2014 онд төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэхдээ эрүүл мэндийн салбар, боловсролын салбарынхны цалинг тодорхой зөрүүтэй байсан гэж шүүмжилдэг. Тиймээс энэ зөрүүг арилгаж, боловсролын салбарт ажиллагсдын цалин 12.3 хувиар нэмэгдэж байгаа юм. Сүүлийн хоёр жил төрийн албан хаагчдын ажлын нөхцөл, ачаалал, ур чадварт суурилж цалингийн тогтолцоонд шилжихийг зорьж байгаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс багш, эмч нарт ажлын байранд хийсэн судалгааг үндэслэж, цалинг тооцож явна. Үүний хүрээнд багш, эмч нарын цалин 20 хувиар нэмэгдэх боломжтой. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр дундаж цалин 916 мянган төгрөг болж, 2016 оныхоос 21.6 хувиар, 2018 оныхоос 13.9 хувиар нэмэгдэж байгаа юм” хэмээн танилцууллаа.

 

Эмч нарын цалин 122-270 мянган төгрөгөөр нэмэгдлээ

Өнгөрсөн оны есдүгээр сарын 01-нээс эмнэлгийн гол ачааг нуруундаа үүрдэг сувилагч нарын цалинг нэмсэн ч эмч нарын цалин нэмэгдээгүй байсан юм. Тэгвэл өчигдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар эмч нарын цалин болон, цалингийн сүлжээний шатлалыг нэмсэн юм. Энэ талаар эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр 2018 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын ачааг үүрч яваа сувилагчдын цалинг 30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн юм. Ингэснээр сувилагчдын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг мэдээллийнхээ эхэнд онцлов.

Харин эмч нар цалингийн нэмэгдлээ хүлээж байжээ. Цалингийн сүлжээгээр эмч нарын цалингийн шатлал 4, 5 дугаар шатлалд байдаг аж. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар эмч нарын цалингийн сүлжээний шатлалыг 6, 7 болгосон байна. Өөрөөр хэлбэл эмч нар цалингаа 2-3 шатлалаар нэмэгдүүлэх боломжтой болж байгааг салбарын сайд онцлов. Д.Сарангэрэл “эмч нарын цалин 21.3-47.1 хувиар нэмэгдэж, 122-270 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Мөн сувилагч нарын цалинг нэмэгдүүлэхэд сонсгол засагч, дүрс оношлогооны техникч, хоол зүйч, эм найруулагч,  сэргээн засахын мэргэжилтэн, эмгэг судлалын туслах ажилтан зэрэг эмнэлгийн байгууллагын зарим мэргэжлийн хүмүүсийн цалин орхигдсон байсныг өнөөдрийн хуралдаанаар нэмэгдүүллээ.

Үүнээс гадна түргэн тусламжийн 511 жолоочийн  цалинг 142 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Ингэснээр Эрүүл мэндийн салбарт нийт 8696 хүн шатлал ахиж, цалингийн хэмжээ 696-844 мянга хүртэл нэмэгдэж байгаа юм. Гэхдээ энэ нь зөвхөн цалингийн шатлалын нэмэгдэл бөгөөд үүнд ажилласан жил, ур чадвар, жижүүрийн мөнгө нэмэгдэж орсноор эрүүл мэндийн салбарынхны цалин нэг сая төгрөгөөс дээш болж байгаа” хэмээн мэдээллээ. 

 

Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно

Томуу, томуу төст өвчтэй, тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгалаа. Өнөөдрөөс гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл мөрдөх энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад уриалав.
Мөн өрхийн эрүүл мэндийн төвийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл бямба гараг бүрт ажиллуулахыг Эрүүл мэндийн сайд болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.