ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Говьсүмбэрчүүд 25 жилийн ойгоо их бүтээн байгуулалтаар угтана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-16

Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батсуурь аймгийнхаа иргэд, хөдөлмөрчдийг хүлээн авч уулзан, 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлуудынхаа тайлан болон 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг иргэддээ танилцуулсан юм. Энэ сарын 10-ны өдөр аймгийнхаа нийт иргэдийг хүлээн авч уулзсан бол 11-ний өдөр төмөр замын ажилчдыг хүлээн авч, уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд “2019 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор 107 арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлуулаад явж байна. Энэ онд бид улсын төсвийн 11.9 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Энэхүү хөрөнгө оруулалтыг татахын тулд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг болон аймаг, сумын удирдлагууд уйгагүй хөөцөлдсөний үр дүнд аймгийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудлыг болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийх хөрөнгө оруулалтыг батлуулж чадсан юм. Энэ ажлуудыг хийснээр аймгийн хөгжил хэд хэдэн шат ахина гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

2019 онд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх ажлууд: 

Үргэлжлүүлэн 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэхдээ “Аймаг байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд хамгийн түрүүнд цэргийн алдар хөшөөг тохижуулахаар төлөвлөөд байна. Батлан хамгаалах яамны зүгээс уг хөшөөг тохижуулах ажилд нэг танк, хоёр их буу хандивласан. 2019 онд бид цогц тохижуулалт хийж, ашиглалтад оруулна. Мөн зам, засварын ажлыг хийнэ. Манай аймагт авто засварын анги байхгүй учраас дутагдалтай тал багагүй байна. Зам харгуйг боловсронгуй болгож, эвдрэл гэмтлийг багасгах зорилгоор Хот тохижилтынхоо газарт тоног, төхөөрөмж авч өгсөн. Зам засварын ажилд улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэг тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна. Энэ хөрөнгөөр нэг километр зам тавина. Мөн Цэргийн алдар хөшөө хүртэл засмал зам тавихаас гадна эвдрэл гэмтэлтэй замуудыг засварлах юм. Баянтал сумын хоёрдугаар багийн төмөр замын зөрлөг дээр багийн төвтэй болно. Багийн төвтэй болоход зарцуулах хөрөнгө мөнгийг шийдсэн байгаа. Тавдугаар цэцэрлэгийн өмнөх талбайг засаж, сайжруулахаар төлөвлөөд байна. Тус цэцэрлэгийн өргөтгөлийг шинээр барих 810 гаруй сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн. Үүнээс гадна Гандан­гаас урагш хэлмэгдэгсдийн хөшөө­ний урд талын талбайг тохижуулна. Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бид шинээр тоног төхөөрөмж авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ шинэ байртай болгож байгаа. Холбооны байрны хажуу талд байр түрээсэлж, тус байрыг тоног төхөөрөмж байрлуулан тохижуулж байна. Хот тохижилтын газарт хогийн машин хүрэлцээгүй байна гэх иргэдийн гомдлын дагуу шинэ хогийн машин авч өгөхөөр 60 сая төгрөгийг шийдсэн. Эдгээр ажлуудыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж, гүйцэтгэхээр тусгасан байгаа. 

Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэвэр усныхаа эх үүсвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээр нэг тэрбум төгрөг тавьсан. Үүнийг хийснээр гуравдугаарт багт очиж байгаа цэвэр устай адилхан цэвэр ус нэг, хоёрдугаар багийн иргэдэд хүрэх юм. Аймгийн төвийн гэрэлтүүлгийг хийх ажилд 100 сая төгрөг тавьж байгаа. Энэ мөнгөөр шинээр зам тавьсан газрууд болон зам тавих газрууддаа гэрэлтүүлэг хийхээр төлөвлөөд байна. Хөнгөн атлетик болон дугуйн зам тавих ажилд 380 сая төгрөг төвлөрүүллээ. Мөн хоёрдугаар сургуулийн байрыг шинээр барина. Энэ сургууль бол манай аймгийн хамгийн ууган сургууль юм. Энэ онд нэгдсэн эмнэлгийн байрыг барихаар төлөвлөсөн. Үүнээс гадна ЖДҮ-ийг дэмжих байртай болно. Жижиг, дунд бизнес эрхлэгчид үйлдвэрлэл явуулахад байрны гачигдалтай байна гэсэн саналыг ирүүлсээр байгаа. Тиймээс улсын төсвөөс хоёр тэрбум төгрөгөөр байр барихаар болсон юм. Найрамдал хотхоны гадна талын авто зогсоол болон явган хүний замыг засварлахаар 170 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ. Аймгийн утгах, үдэх хаалгыг шинэчлэн барина. Үүнд 81.8 сая төгрөгийг тавьсан байгаа. Аймгийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг талбай буюу тавдугаар байрны урд талын саадыг засварлан, бетондсон бүрэн тоноглосон талбайтай болно. Энэ талбайг тохижуулахад 500 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Шинээр 60 айлын гурван орон сууц барина. Үүний дэд бүтцийн шугам, цэвэр, бохир ус, бусад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд 300 сая төгрөг тавьсан. Нэгдүгээр сургуулийн эргэн тойрныг тохижуулахаар 260 сая төгрөгийг хуваарилсан. Боржигин чуулга болон нэгдүгээр сургуулийн дундах талбайг нэгдсэн том талбай болгон тохижуулна. Энэ ажилд 106 сая төгрөгийг зарцуулахаар тусгасан. Чойрынхоо богд хайрханы дэргэд бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байгаа. Богд хайрханыхаа байгалийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс суурин бус зөөврийн бүтээн байгуулалт хийх юм. 

Ийм хэд хэдэн гол бүтэн байгуулалтын ажлыг энэ онд хийх юм. Энэ ажлыг хийхэд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа ААН, ард иргэд хамтрах ёстой юм” хэмээн танилцууллаа. Тайлан мэдээллийн дараа иргэд аймгийн удирдлагуудаас асуулт асууж, санал хүсэлтээ хэлсэн юм. 

Төмөр замын “Чойр” өртөөний дарга н.Төгсбаяр:

-Төмөр замчидтай тусгай­лан уулзаж байгаад талархаж байна. Сүмбэр сумын иргэний хувьд гурван асуудал дэвшүүлье гэж бодлоо. Нэгдүгээрт багт нэг СӨХ байхгүй байна. Өмнөх СӨХ нь алга болчихсон гэж ярьдаг. СӨХ байхгүйгээс орцонд хог хаяхаас эхлээд асуудал их байна. Байрнуудын засвар үйлчилгээ орхигдоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэх боломж бий юу. Хог тээвэрлэлтийн асуудал хүнд байна. Төмөр замын байруудад хогийн сав хомс бөгөөд байгаа хэд нь дорхноо дүүрчихдэг. Үүнээс үүдэн хог ил задгай хаягдаж, нохой шувуу үймдэг. Мөн золбин нохой устгал, муурны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Нэгдүгээр багт золбин нохой олширч орой үдшийн цагаар явахад хүндрэлтэй байна. “Улаанбаатар төмөр зам” төрийн бус нийгэмлэгийн 70 жилийн ойн хүрээнд бид хоёр ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм. Төмөр замын 15 жилийн ойд зориулж босгож байсан хөшөөний эргэн тойрныг тохижуулж, гэрэлтүүлэг хийхээр төлөвлөөд байна. Мөн өртөө хүртэлх замыг тохижуулах, мод тарих ажлыг хийх юм. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхэд бидэнд газрын асуудал тулгараад байгаа юм. ОХУ-ын талаас зөвхөн төмөр замын өөрийн эзэмшилд хөрөнгө зарцуул гэдэг чиглэл өгч байгаа учраас газрын асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл:  

-Бид 2018 онд хоёр удаа СӨХ-г байгуулахаар хурал зарласан. Гэвч иргэд цуглараагүй учраас СӨХ байгуулж чадаагүй. Энэ оны нэгдүгээр улиралд багтааж СӨХ-г хамтарч байгуулъя. 2018 оны эхний хагас жилд нохой устгалыг явуулсан ч сүүлийн хагас жилд устгалын ажлыг явуулж чадаагүй. Төсөвт тодотгол хийгдээгүй учраас нохой устгалын ажил мөнгө тавиагүй юм. Гэхдээ цагаан сараас өмнө нохой устгалыг хийхээр төлөвлөж байгаа. 

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь:

-Энэ жил төмөр замын 70 жилийн ойгоос гадна аймаг байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Үүний хүрээнд бид салбар бүртээ бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Саадны газрыг заавал төмөр замын эзэмшилд шилжүүлж байж хөрөнгө санхүү зарцуулах эрх нь үүсэх ёстой бол энэ асуудлаа албан чигээр өгөөрэй. Бид судалж үзээд, зориулалтыг нь өөрчлөхгүйгээр ашиглана гэвэл шийдэж болох байх. 

Сүмбэр сумын нэгдүгээр багийн иргэн н.Эрдэнэбаяр: 

-Аймгийн удирдлагууд бүгд байгааг ашиглан эмзэглэж явдаг хэд, хэдэн асуудлаа хэлье гэж бодлоо. Нэгдүгээр багийн иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна. Жоншны үйлдвэрийн цагаан тоосонцор маш аюултай гэх юм билээ. Бид Бид Дундговь аймгийн Айраг сумын алдааг давтах гээд байна. Энэ асуудалд ямар арга хэмжээ авах вэ. Аймгийн төвөөс дөрөвхөн километрийн зайд уул уурхайн нэг компани хөрсний шинжилгээ авч, газар ухаад эхэлчихлээ. Энэ компанид хууль ёсны зөвшөөрөл бий юу?

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь:

-1950 –иад оноос л замынхаа баруун талд бохироо асгаж байгаа иргэд та бүхэн мэднэ. Энэ асуудалд шат дараалсан хөрөнгө оруулалт хийж шийдвэрлэнэ. Энэ жил Польшийн засгийн газрын дэмжлэгтэйгээр нэгдсэн цэвэрлэх байгууламж барихаар болсон. Жоншны үйлдвэрийн тухайд мэргэжл­ийн байгууллагуудыг явуу­лж, хяналт шалгалтыг хийлгэж байгаа. Мэргэжлийн байгууллагууд шат, шатны шаардлагыг тавьж байгаа. Энэ бол нэг талаараа ирээдүйд Говьсүмбэр аймгийн эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах байгууллага юм. Бид үйл ажиллагааг нь хааж, боохоос илүү хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг талаас нь ярьж, ажиллаж байгаа. Гэхдээ байгаль орчны үнэлгээ нь муу гарсан байвал бид тухайн байгууллагыг нүүлгэхээс өөр арга байхгүй. Орон нутгийн удирдлага энэ компанийн эсрэг байгаа. Уг компани ашиглалтын лиценз авчихсан байгаа учраас хөрснөөс дээж авъя гэдэг асуудлыг ярьж байгаа. Ийнхүү Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурийн иргэдтэй уулзсан тайлангийн уулзалт өндөрлөж, тэд аймаг байгуулагдсаны 25 жилийн ойгоо салбар бүрт их бүтээн байгуулалтын ажил хийж угтах болсноо талархалтайгаар хүлээж авсан юм.