ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энхболд: ЖДҮ-чдээ олонхоороо хамгаалж үлдчихээд энд ямар ёс зүй яриад байгаа юм

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-16

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж, байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хүргүүллээ. Энэ хуулийг Ерөнхийлөгчөөс өргөн барьсан бөгөөд УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн бол чөлөөлөлдөг байх хуулийн төсөл юм.  Хуулийн төслийг ТББХ-ны хурлаар хэлэлцэх үед УИХ-ын даргыг нийт гишүүдийн 3-ны хоёроос доошгүй саналаар огцруулдаг байх саналыг Ж.Мөнхбат гишүүн гаргасан. Энэ саналыг ТББХ-ны гишүүд дэмжээгүй. Харин чуулганаар байнгын хорооны дэмжээгүй гэсэн саналыг дэмжих эсэхээр санал хуурсан юм.

Түүний өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлсэн. Тэрбээр “Ж.Мөнхбатын гаргасан гуравны хоёроор УИХ-ын даргыг чөлөөлдөг байя гэдэг саналыг байнгын хороо дэмжихгүй байгаа.  Би бас энэ саналыг дэмжихгүй байгаагаа  хэлье. Тэгээд үг хэлээд байгаа хэдэн хүмүүст хандаж хэлье. УИХ-ын даргыг чөлөөлөх, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх зохицуулалт одоо ч хуульд байгаа.   Заавал хууль гаргаж байж, 40 гишүүн гарын үсэг зурж байж чөлөөлөх шаардлагагүй. Ёс зүйтэй бол өөрийнхөө хүсэлтээр одоо чөлөөлөгдөж болно.  Заавал хууль гаргаж огцруулна гэдэг аргаа ядсан, Монголын улс төр дампуурсны хэлбэр.  Зарим хүмүүс хэлээд байна, том шалтгаан хэрэгтэй гэж.

Өнөөдөр Монгол Улс маш том хувьсгалт өөрчлөлтийн ирмэг дээр байна.  Манжийн амбаныг буулгахад хууль хэрэггүй байсан шүү дээ.  Ард түмэн буутайгаа, морьтойгоо давхиж очоод хөөж явуулсан.  Улс төрийн товчоог буулгахад хууль гараагүй юм шүү дээ. Сүхбаатарын талбайд 100 мянган хүн жагсч байгаад улс төрийн товчоог буулгаж байсан юм.  Ямар юмны хууль. Румынд Чаушескуг буулгахад хууль гараагүй юм. Ард түмэн нь очоод авгайтай нь буудаж алсан. Хувьсгалт өөрчлөлтийн үед хууль хэрэггүй байдаг юм.  Гэхдээ Монголын ард түмэн тайван амгалан учрааср МАНАН-гийнхныг төрөөс буулгах хувьсгалыг тайван замаар хийе гэж Ерөнхийлөгч хууль оруулж ирсэн юм. Энэ хуулийг яаралтай батлаад явуулах нь зүйтэй. Нэг их өөрийгөө хуульч гэж бодчихсон ухаантай хүмүүс хувьсгалын үед хууль ярих хэрэггүй” хэмээлээ. 

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд гишүүд үг хэлж дууссаны дараа “Бид бол хууль эрх зүйт төртэй улс орон гэдгээ зарласан. Сүүлийн үеийн үйл явдлыг хараад байхад хууль хэрэггүй гэдэг зүйлийг маш их ярих боллоо. Монгол дэлхийн тавцанд яаж харагдах вэ гэдэгтэй шууд холбогдох яриа. Төрийн өндөр алба хашиж байгаа, ард түмний мандатаар сонгогдсон бид хууль хэрэггүй гэж ярьдаг яриагаа болих хэрэгтэй. Ер нь намайг, гэр бүлийн минь хүнтэй хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Манай гэр бүлийн хүний эсрэг жагсч, шаардлага хүргүүлсэн. Улс төрийн үйл ажиллагаандаа миний гэр бүлийн хүнийг оруулдаг нь яаж байгаа юм бэ.

Миний эхнэрийг архины зөвшөөрөл олгодог байсан гэх. Үнэн хэрэгтээ тэр архины зөвшөөрлийг чинь Ц.Нямдоржийн эхнэр олгодог байсан. Намайг хотын дарга байхад. Андуураад байгаа юм уу, албаар тэгээд байна уу.  Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг Ж.Батзандан яг асуудал тулгарахад зугатаад алга болдог хүн.  ЖДҮ-ийн тухай асуудлыг ярья гэхэд гараад явсан. Яриад дуусахад ороод ирсэн.  Өөрийнхөө намын даргын эсрэг зүйл хийгээд л явж байсан, манай намын байр шатахад оролцож л явсан хүн шүү дээ. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшинэ гээд явж байж магадгүй. Тиймээс манай залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. 60 тэрбумын ургийн модыг зуръя, одоо ТББХ-ны хурлаар ярья гэхээр чимээгүй болчихоод байгаа. Халдашгүй байдлын дэд хороо ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг олонхоороо түрээд аваад үлдсэн. Тийм байж ямар ёс зүй энд яриад байгаа юм.  Ёс зүйтэй байвал бүгдээрээ  ёс зүйтэй байх ёстой” хэмээсэн юм.  Түүний дараа санал хурааж, Дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ руу шилжүүллээ. Өнөөдөр орой 18:00 цагт ТББХ хуралдана.