ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гэнэт цадах гэдсэнд халтай

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-17

Мөнгө, эрх мэдэл, албан тушаалын тохироо, наймаа Монгол Улсын хөгжлийн тушаа болж байгаа талаар амтай бүхэн шуугиж байна. УИХ-ын гишүүд нь шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийшээ харж, иргэдэд ус, агаар мэт хэрэгтэй хуулиудыг баталж чадахгүй сандал, суудлын хэрүүл хийх. Хоёр сар гаруй өрнөж буй эл тэмцлийн сүүдэр хотыг тойрсонгүй. Үүнийг бид уржигдар харлаа. 

Хоёр оны зааг дээр хотын дарга С.Батболд албан тушаалаа өгч, НИТХ Улаанбаатар хотын дараагийн захирагчийг сонгох үүрэгтэй болов. Гэтэл чадаагүй. Төдийгөөс өдийг хүртэл төлөөлөгчид талцан, цусгүй тулаан зарлалаа. “60 тэрбум”-ынхан, АН-ынхан гээд л 45-уулахнаа байж дөрөв, таван бүлэг болчихоод ач тач үзэлцсэнийг ард түмэн харлаа. Он дамжин хойшилж, ирц нь хүрэхгүй байсан НИТХ эцэст нь уржигдар хуралдсан. Хуралдаа суудаггүй төлөөлөгчид бүрэн ирцтэй цуглав. Хотын хөгжил, ахуйг хэлэлцэх хуралдаа суудаггүй, харин сандал, суудал ярих, тэр дундаа хотын мээрийг сонгох болохоор цөмөөрөө цуглаж буй нь УИХ-аас нэг их ялгарахгүй болсныг нотолж орхилоо, энэ удаагийн хурал. Тэнд хотыг хөгжүүлэх бодлогын бус, бүлэглэлийн өрсөлдөөн, тэмцэл өрнөв.

МАН-ын УЗ-өөс одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг хотын даргад дэвшүүлсэн. Намынх нь хагарал тогооноосоо хальж, ана мана тэмцэлдэж буйг дахин нотолж, төлөөлөгч С.Мөнхчулуун УЗ-ийнхөө сценарыг сөрөн заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлэв. Эцэг, эх нь ангийнх нь багштай ойр холбоотой байдаг хүүхдүүд “Би ангийн дарга болъё” гээд л хүслээ гүйцэлдүүлдэг сонгодог үйлдлийг тэр хийлээ. Хүсэл нь ч биелэв. НИТХ-ын 24 төлөөлөгч түүнийг хотын даргад дэмжлээ. Гэтэл тэрбээр өөрийгөө өнөөдөр хотын дарга боллоо хэмээн зарлаж байна. Ямар ч чадвар, чансаатай нь тодорхойгүй түүнд “Бяруу болоогүй байж бухын баасаар баана” гэдэг үгийг түүнд дайхаас аргагүйд хүрч байна. 

Учрыг тодруулбал, НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь түүнийг хотын даргад дэмжсэн ч Ерөнхий сайд эцсийн шийдвэр гаргах ёстой юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд энэ талаар хэн ч ойлгохоор тодорхой бичсэн байгаа. Тэгэхээр “Би хотын дарга боллоо” хэмээн таахалзаж боломгүй. Тэгж ойлгох ч хэрэггүй. Хэрэвзээ Ерөнхий сайд түүнийг батламжлахаас татгалзвал С.Амарсайхан, С.Мөнхчулуунаас гадна заалнаас хэн ч нэрээ дэвшүүлж болно. Тэгэхээр “60 тэрбум”-ын бүлэглэл С.Мөнхчулууныг дахин дэмжих, эсэх нь бас л эргэлзээтэй. Эл гашуун боловч үнэнийг мэдсээр атал өөрийгөө хотын дарга болсон мэтээр иргэдийг төөрөгдүүлэх хэрэггүй биз ээ. Тэгээд ч санал хураалтыг зориудаар будилаантуулж, хоёронтаа явуулсан гэх маргааныг ч эцэслэн шийдээгүй байгаа юм билээ. С.Мөнхчулууныг НИТХ дэмжсэн болохоос, Засаг дарга болгоогүй шүү дээ. Гэнэт цадах гэдсэнд халтай гэх өвгөдөөс захисан мэргэн үг бий. Ерөнхий сайд батламжилбал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэгдэх эрх нээгдэж, тамга, албан үүргээ хүлээн авах учиртайг дахин сануулъя.