ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-29

Өнгөрсөн оны зургадугаар сард Н гэх эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хүргүүлжээ.

Өмнө нь Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д Прокуророос хүргүүлж байсан. Энэ дагуу хэрэгт холбогдоод буй гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд танилцуулсан ч, хуулийн мухардалд орсон байдаг. Тодруулбал, Улсын ерөнхий прокуророос ирсэн санал нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн 6.9-1-т үндэслэсэн. Тус хуулийн 6.9.1 буюу Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчилсан үед түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах тухай заалтыг хүчингүй болгосон учир энэхүү заалтыг өөрчилж, хуульд нэмэлт оруулаагүйгээс хуулийн мухардалд орсон хэмээн тайлбарлаж байв. 

Энэ дагуу УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан санаачилж, улмаас УИХ-аар баталсан. Тиймээс эдүгээ Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудал  хууль эрхзүйн хувьд боломжтой болсон юм.