ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ханиад, томууны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-17

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ сарын 16-ны өдөр Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Тэрбээр, өвлийн ид хүйтний үеэр дэлгэрээд байгаа А хүрээний H1N2, А “H3N2” дэд хэв шинжийн вирус болон мөн томуу, томуу төст риновирус, боковирус, амьсгалын замын синцитиаль, короновирусаар хэчнээн хүүхэд өвчилсөн, мөн орны хүрэлцээ хангамж хэр байгаа талаар мэдээлэл хийхийг хүсчээ.

Хэдийгээр эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ч эмч, эмнэлгийн ажилтан хүрэлцээгүй, эхчүүд коридорт хэвтэн эмчлүүлж байгаа талаар шүүмжлэл гарсаар байгаа учраас орны тоо нэмэх, шаардлагатай өөр ямар арга хэмжээ авч болох талаар мэдээлэл хийхийг хүссэн аж. Ерөнхий сайд гишүүний хүсэлтэд хариу өгөхдөө УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны үдээс хойшхи цагт мэдээлэл хийдэг билээ.