ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Баттөмөр: Шуудангийн үйлчилгээнд дэлхийн стандарт дутагдаж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-17

УИХ-ын чуулган баасан гарагийн хуралдаан Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

Н.Учрал: Төрийн үйлчилгээ иргэдэд ил тод нээлттэй хүрдэг болсонтой холбоотойгоор эрсдэл их байгаа. Ялангуяа захидал харилцааны нууцлал хэр хангагдаж байгаа вэ гэдэг эргэлзээтэй. Мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах юм бэ. Харилцаа холбооны байгууллага бол төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй байлгахын зэрэгцээ хувь хүний нууцыг чандлан хамгаалах ёстой. Шуудангийн тухай хууль мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ гэдгийг хэрхэн тусгасан бэ.

Ажлын хэсэг: Шуудан бол үндсэн хуулинд зааснаар хувь хүний нууцыг хадгадах үүрэгтэй. Шуудангийн ажилчид үүнийгээ чанд баримтлан ажиллаж байгаа. Цахим мэдээллийн сантай холбоотой мэдээллийн нууц ч мөн хуулийн дагуу хамгаалагдаж байгаа. Шуудангийн хаягжилтын нэгдсэн маягттай болсон. Шуудангийн нэгдсэн кодп гэдгийг хэрэглээнд нэвтрүүлээд явж байна.

Б.Баттөмөр: Хуулийн төслийг дэмжиж байна. Хаягаар хүргэх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ. Монгол шуудангийн хувьчлал бол маш сайн хувьчлал байсан. Монгол шуудан сүүлийн жилүүдэд ямар зүр ашигтай ажилласан бэ. Шинэ шийдэл, шинэ технологи, аюулгүй байдал гэсэн гурван гол асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ

Ажлын хэсэг: Гурван төрлийн хаягжилтийн систем ажиллаж байна. Энэ гурван хаягыг нэгтгэж, цахим хэлбэрт оруулах талаар ажлын хэсэг гараад ажиллаж байна. Гэр хорооллын хашаа гудмуудын хаягжилтыг бүрэн хийх хүсэлтийг тавьсан байгаа. Шуудангийн хаягаар хүргэдэг үйлчилгээг явуулж байгаа. Хувь болон байгууллагын хаягаар хүргэж байна. Шуудангийн бүх төрлийн үйлчилгээ Монгол Улсад байгаа. Бичиг, захидал, улс хоорондын болон дотоодын илгээмжийн үйлчилгээ зэрэг уламжлалт шуудангийн үйлчилгээ явуулж байна. Монгол шуудан 2018 онд тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Шуудангийн аюулгүй ажиллагаа хуулийн дагуу хамгаалагдаж байгаа. Монгол шуудан компанийн 67 хувь нь төрийн мэдэлд байгаа.

Б.Баттөмөр: Хамгийн гол найдвартай, түргэн шуурхай үйлчилгээ байхгүй байна. Үүнийг нэвтрүүлээч гэж хэлээд байгаа юм.

Гишүүд үг хэлж дууссаны дараа уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн 67.3 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.