ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах гэж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-24

Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан тэргүүтэй гишүүд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид зарах гэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Надад нэг хүнээс мэдээлэл ирсэн. “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид шийдвэр гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг цагаан сараас өмнө Сингапурын компанид зарах гэж байна. Хэрвээ надад дугтуйтай ирүүлсэн энэ материал үнэн бол бүлэглэлүүд Монголын орд газруудын эргэн тойронд эрх мэдлээ тогтоож байна гэдэг нь бүр тодорхой болно.

Цагаан сар дөхсөн үед, эсвэл наадмаар, үгүй бол чуулган шөнө хуралдахтай зэрэгцээд том том шийдвэрүүдийг гаргадаг тохиолдол Монголд байсаар ирсэн. Ард түмэн, газар нутаг нь хэрэггүй байдаг. Зөвхөн баялаг нь хэрэгтэй. Хэрвээ “Эрдэнэт”-ийг зарах гэж байвал энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй.

УИХ-ын чуулганаар хэлэлцэхгүйгээр “Эрдэнэт”-ийн 51 хувийг Оросоо авсан. Одоо Сингапурт зарах гээд байна. Чуулганаар хэлэлцэхгүйгээр Тавантолгойг гадныханд өгөх гэж байсан гэдгийг ч мартах ёсгүй” хэмээлээ.