ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Цаашид бид олон булхай, луйврыг ил болгоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-29

УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаас нь чөлөөлж, 40 гаруй хоног гацаад байсан парла­ментын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нөхцөл бүрд­лээ. Тэгвэл чуулганы хурал­даан өн­дөр­лөс­ний дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.  

-УИХ-ын даргыг үүрэгт аж­лаас нь чөлөөллөө. Энэ үйл явц цаашид хэрхэн үргэлж­лэх бол?

-Өнөөдөр УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Зунжингаа, намаржингаа, өвөл­жин­гөө л юм боллоо. Энэ хуга­цаанд УИХ-ын үйл ажиллагаа тасалдсан. Тиймээс иргэдээсээ уучлал гуйхыг хүсч байна.  М.Энхболд даргаас би нэг үг хүлээж байлаа. Даанч хэлсэнгүй. Ард түмнээсээ уучлал гуйх болов уу гэж харсан юм.  Гэсэн ч тэр тэгсэнгүй. Уг нь энэ улс төрийн жишиг байх ёстой.  Хэн ч, ямар ч ажилд томилогдож болно, бас ажлаа өгч болно. Би анхнаасаа л хэлж байсан. Хувь хүн М.Энхболдтой тэмцээгүй гэж.   Улс төрийн шинэ жишиг тогтоосой гэж бодож, энэ асуудлыг гаргаж тавьсан. Ямар ч байсан тодорхой үр дүн гарлаа. Хууль хяналтын байгууллага хэргийг нуун дарагдуулж болдоггүй юм байна гэдэг том сургамжийг авсан байх гэж бодож байгаа. Цаашдаа улстөрчид өндөр хяналттай нөхцөлд ажиллах нь гэдгээ ойлгож авч байгаа байх. УИХ-ын гишүүд өөрсөддөө давуу байдал үүсгэвэл энэ нь эрүүгийн гэмт хэрэг болдог юм байна гэдгийг ойлгож авсан байх гэж бодож байна. Цаашдаа биний тэмцэл үргэлжилнэ. ЖҮДХС, бусад сангуудтай холбоотой асуудлыг шалгана. Т.Бадамжунай, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, сая бас Ж.Эрдэнэбат үгэндээ онцолсон “Банкиар дамжуулж өгдөг байсан зээлийг яам руу татсан” гэж. Энэ хүмүүстэй холбоотой асуудлуудыг гаргаж тавих болно. Хууль, хяналтын байгууллагууд өөрсдөө авлигын нэг хэсэг болсон байж болзошгүй баримтууд өнгөрсөн хугацаанд бидэнд ирсэн. Энэ асуудлаар нийтийн сонсголыг зарлаж, зохион байгуулах болно. Шинэ УИХ-ын даргыг яаралтай томилох ёстой.  “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой гарсан шийдвэр яагаад хэрэгжихгүй байна. “Стандарт” банктай холбоотой асуудлууд юу болов, яагаад замхарчихав. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, концесстэй холбоотой асуудлууд усанд хаясан чулуу шиг алга болоод байдаг. Энэ асуудлуудыг дахиж сэргээж тавих болно.  Ингээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шинээр томилогдох УИХ-ын даргад хандана. Одоо бол “шүдгүй арслан” боллоо. Эсвэл асуудал ярихаар бахиар хавччихаад хөдөлгөхгүй байна гэдэг зүйл байхгүй болох ёстой. Ямар нэг байдлаар хуйвалдах, аргацаах байдал энд хүрээд дуусаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Ерөөс Монгол Улсад энэ мэтээр нэг дохио өгөх цаг нь болсон. Гэхдээ М.Энхболд гэдэг хүн огцорлоо гээд бүх зүйл сайхан болно гэж би хэзээч хэлж байгаагүй. Тэгж ч бодохгүй байна. Цаашид нэлээд амаргүй тэмцэл дундуур дахиад л явах байх. Нэг л зүйлд би их баяртай байгаа. Булхай, луйвар, хуйвалдаанууд ил болсоор л байна. Цаашид олон олон асуудал дахиад ил болно оо. Засгийн газар, Оюутолгой, Тавантолгойтой холбоотой олон баримтууд байдаг юм билээ. УИХ-ын гишүүн болсныхоо дараа тэр бүхнийг хараад харамсах сэтгэгдэл төрсөн. Нийгэмд буруу ойлгогдоод, хэлмэгдэж яваа ч хүмүүс байдаг юм билээ. Энэ бүхнийг нэг мөр тайлбарлаад, нэг талдаа гардаг соёлд нийгэм суралцаасай гэж хүсч байна. М.Энхболдыг огцруулах асуудал парламентад газар авахгүй байсан. Та бүхэн ч анзаарсан байх.  Ганцаараа, эсвэл тавуулаа, бүр 40-үүлээ нийлээд ч энэ асуудал гацах нөхцөл байдал байсан юм шүү.  Арга буюу Ерөнхийлөгч хууль санаачилж байж гацаанаас гаргалаа. Гэхдээ цаашид хууль хяналтын байгууллагад тогтоосон ноёрхолдоо дулдуйдаад, эсвэл өөрөө томилсон албан тушаалтнууд нь намайг хувь хүнийхээ хувьд хамгаална гэж боддог бодлоо хаях ёстой. Сая ч гэсэн үг хэлэхдээ Ерөнхий сайд байхдаа Ц.Энхтүвшин, Н.Энхболд хоёрыг сайдаар томилж байсан. Миний эсрэг энэ хоёр явж байгаад харамсаж байна гэдэг бол дахиж хэлж болохгүй үг. Ийм байдлаар бусдыг барьцаалж, санал өгөх эрхэд нь халдаж болохгүй. Шинэ залуу гишүүд парламентад орж ирээд, хуйвалдааны зарчмаар явдаг зүйл үнэхээр байдаг юм байна гэдгийг олж хараад, нээлттэй болгож, задлахын төлөө явсан. 

-Дараагийн УИХ-ын даргад Ц.Нямдорж сайдыг дэвшүүлэхээр болсон гэсэн мэдээлэл гарсан.  Энэ үнэн үү?

-Дараагийн УИХ-ын даргад энэ хүнийг дэвшүүлнэ гэдэг нэг ч уулзалтад би оролцоогүй. Би зарчмын байр сууриа илэрхийлсэн. Эхлээд УИХ-ын даргаа огцруулъя. Дараагийн хүнийг дэвшүүлэх асуудлыг түүний дараа ярья гэсэн. Дүрмийнхээ дагуу МАН-ын УЗ эхэлж хуралдах ёстой. Үүний дараа бүлгийн хуралд хуралдах ёстой юм. Шаардлагатай гэвэл намын Бага хурал ч хуралдаж болно. Гэхдээ хуульд тийм заалт байхгүй.  Миний хувьд нэг л зүйлийг хэлж байгаа. Нийгмийнхээ хүлээлтэд тохирох хүнийг л УИХ-ын даргаар сонгох хэрэгтэй гэж. Тэгэхгүй дахиад л тохирч, хуйвалдаж, энэ маань тэд сонгогдсон, тэр нь албан тушаал аваагүй юм гэдэг хөшигний ард талын байдлаар битгий томилоосой гэж хүсч байна.

-Таны бодлоор хэнийг томилсон нь дээр вэ?

-Нөхдүүдтэйгээ зөвлөлдсөний дараа тэр энэ гэж нэр хэлэх боломжтой болох байх. Миний хувьд нийгмийнхээ хандлагыг  ойлгодог хүн байгаасай гэж бодож байна. Хоёрдугаарт, олон сонгогдсон хүн байгаасай гэж бодож байгаа. Энэ бол өндөр босго байх ёстой шүү дээ.  Миний хувьд албан тушаалын хойноос яваагүй. Нэг сонгогдоод албан тушаалын хойноос шунан дурладаг байж болохгүй гэж би хувьдаа боддог. Монгол Улсын Төрийн сайд ч гэсэн өндөр босго. Нөгөө талаар сайд л биш бол УИХ-ын гишүүний ажил юу ч биш гэж боддог ах нар маань болиосой. Хууль тогтоох байгууллагыг төлөөлдөг эрхэм үүргээ, ажлаа хийсэн шиг хийдэг байгаасай. 

-Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад хэн ч МАНАН-гийн толгойлогч энэ тэр гэж ярьж байгаагүй гэж М.Энхболд дарга хэлж байсан?

-Би анх М.Энхболд даргыг УИХ-ын дарга болоход нь эсэргүүцэж, үг хэлж, эсрэг кноп дарж байсан. Намаржаандаа буугаагүй байж өвөлжөөндөө буух үйлдлийг хийж болохгүй. Намын дарга хүний хувьд гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах л хүлээлт байсан. Харин тэр хүн  Ерөнхийлөгч болохын тулд УИХ-ын дарга болсон нь ойлгомжтой.  Улмаар өөрийнхөө эрх ашигт нийцүүлж, буруу томилгоо хийсэн нь энэ хүний алдаа байсан гэж би одоо ч боддог. Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг би үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ шууд Ерөнхий сайд болох бэлтгэгдсэн боловсон хүчин байгаагүй. Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдын албан тушаалыг өгсөн бол намын даргыг нь ч бас өгөх ёстой байсан гэж боддог. Би өнөөдрийг хүртэл П.Сэргэлэн, П.Ганхүү, Д.Өнөрболор, Ц.Анандбазар гэдэг хүмүүс ямар шалгуураар Төрийн сайд гэх эрхэм хүндтэй албан тушаалд дэвшиж орж байсан бэ гэдгийг ойлгодоггүй.  Магадгүй Морин уяачдын холбооных гэдгээрээ П.Сэргэлэн орж ирсэн байх. Улс төрд ийм зүйл цаашид байж болохгүй. Үүнээс болоод л асуудал үүссэн. Бид хоёрын дунд олон маргаан болж байсан. Олон зүйл дээр бид хоёр зарчмын байр зөрөлдөж байлаа. Гэхдээ үүнээс болсон юм биш. Зүгээр ийм алдаа гаргасан гэж л хэлж байна. Тэр байр сууриндаа хэвээрээ байгаа гэдгээ л хэлж байгаа юм. Намайг шүүхэд өгсөн гэсэн. Би шаардлагатай баримтаа өгөөд, тайлбараа хэлээд явна.

-Олон сонгогдсон хүн гэхээр хэн байх билээ?

-Би нэр хэлэхгүй гэсэн шүү дээ. Олон сонгогдсон хүн гэвэл зөндөө л байна.  

-“Монголын зэс” корпораци таныг маш хариуцлаггүй мэдэгдэл хийлээ гэж буруутгасан байсан?

-“Монголын зэс” корпораци өөрсдөө маш хариуцлагагүй үйлдэл хийсэн.  Тэр материалыг бидэнд хүн өгсөн. Дараа нь сайтар нягталж үзсэн. Тэр мэдээлэл үнэн байсан. Нотариатаар хүртэл батлагдсан байсан шүү. Тэр мэдээллийг хэвлэлийнхэн та нар ч авах боломжтой. Нийгэм доргиод эхлэхээр шүүхээр явж байгаа энэ асуудал хүндэрч магадгүй, УИХ-ын тогтоол хэрэгжих магадлалтай боллоо гэж болгоомжилсон юм байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Ингээд л  Пүрэвтүвшин гэдэг залуу Сингапурт бүртгэлтэй өөрийнхөө компани руу “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлэх үйлдэл хийсэн. Тэр Номуундарь гэдэг эмэгтэй орчуулгын товчоонд ажилладаг өөрийнх нь туслах юм шиг байгаа юм. Иргэний хуулийн дагуу өөртэйгээ хэлцэл хийж болохгүй. Тиймээс арга хэрэглэсэн нь энэ. Дээрээс нь 400 сая ам.долларын үнэтэй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 40 сая ам.доллараар үнэлсэн. Хэрвээ шилжүүлсэн бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг 40 сая ам.доллараар гадны компанид зарах нөхцөл бүрдэх байсан. Улмаар Монгол Улсын хуулийн дагуу шийдэгдэх боломжгүй болно. Энэ чинь зөвхөн “Эрдэнэт”-ийн 49 хувь биш шүү дээ. 49 хувийн нэрлэсэн хувьцаанд “Монголросцветмет” нэгдэл, “Хөтөл”-ийн цементний үйлдвэр, “Багануур” ХК тэр чигтээ байгаа. Энийгээ улс төр рүү оруулж, лоббидох замаар шийдэж явдгийг л би МАНАН гэж нэрлээд байгаа юм. 

-МАНАН М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулснаар сарних уу?

-Энэ тийм амар өөрчлөгдөхгүй ээ.  Ямар сайндаа л би буудчихаар бутарчихаад, эргээд амилдаг тугалган хүнтэй зүйрлэж яриад байх вэ дээ. Магадгүй энэ хүмүүс гуравдагч хүчин болоод эргээд гараад ирэхийг үгүйсгэхгүй.  Манай нам ялагдаад, бид буруутай болж, дахиад тэр хүмүүс гарч ирж магадгүй. АН-ын одоо байгаа хүмүүс тэдэнтэй нийлээд, нэр дэвшигчдээ тодруулаад, төрийн эрхийг буцаагаад авч ч магадгүй юм. Олон эрсдэл бий. Үүнийг л хянаад, хууртагдахгүй явж чадвал Монголд хэрэгтэй байх. Тэгэхгүй бол ялж чадахгүй ч байж магадгүй.