ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Жавхлан: Та намын биш улсын хүн боллоо

O.Admin
2019-01-31

УИХ-ын даргыг томилох үеэр УИХ-ын гишүүн нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тэдний үгийг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Нэг зүйл ажиглагдаад байна. Аймаар магтуулаад сандал суудалд очдог. Удалгүй нөгөө хүнээ газар дор ортол муулах юм. Дарга хөтлөгч шиг биш арангатай, эрэмбэтэй, цог золбоотой ажиллаасай гэж хүсэж байна. Уул уурхайг хаалгасан шиг зоригтой ажиллаарай. Та төрийн гурван өндөрлөгийн нэг болж байна.

Та намын биш улсын хүн боллоо. Төрийн гурван өндөрлөг буюу тулгын гурван чулууны нэг нь сул доль байвал тогоотой сүү цалгидаг. Монголчууд хэзээ ч нэг гэж хэлдэггүй. Хүчээ өргөхдөө нэг, хоёрын, гурваа гэж хэлдэг. Түүн шиг улсын хөгжлийн төлөө та гурав нэг, хоёрын, гурваа гэж хүчээ өгч ажиллаарай. Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байна. Гэхдээ баталсан хууль дандаа хүний амьдралд гай болж, хохироож байна. Энэ чиглэлд илүү сайн ажиллаж, хуулийг засаж залруулаарай. Энэ хавар 500 мянган хүн талбай дээр гарч ирээд жагсана шүү. Түмэн олонд үнэнээ хэлээд

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Төрийн нэр хүнд их унасан гэж гишүүд ярьж байна. Энэ үнээн. Юунаас болж ингэв гэдгийг хамгийн түрүүнд дүгнэлт хийж ажлаа эхлээрэй. Бид өөрсдөө төрийн нэр хүндийг унагасан. Гишүүд бид нэгийг бодож хоёрыг тунгаах ёстой. Нэгнээ гаргаад тавилаа. Маргаашнаас эхлээд балбаад байж болохгүй. Богино хугацаа үлдсэн учраас ажлаа л хийх ёстой юм. Таны үг төрийн үг болох учраас буруу зөрүү үг хэлэв. Хуульгүй, дүрэмгүй байна гэж ярьдаг. Алдаа оноог нь засах гэж явах юм бол зөв замаар явна аа. Ямар ч асуудалд ул суурьтай хандахгүй бол болохгүй. Хүн өөрчилвөл сайхан болно гэдэг сэтгэлгээгээр явж болохгүй шүү. Энэ парламент Үндсэн хуулийг өөрчилж чадах болов уу гэдэг эргэлзээ байгаа. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий. Нухацтай хандаарай.