ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Цогзолмаа: Б.Баярсайхан гэж хүнийг солихгүй бол ажил явахгүй шүү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-31

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ц.Цогзолмаа сайд үг хэлсэн юм. Тэрбээр, “Том салбарыг удирдаж, хамтарч ажиллахад кабинетын дэмжлэг үзүүлсэн Ерөнхий сайд болон танхимын гишүүддээ талархал илэрхийлж байна. Нэг жил гаруй буюу маш богинохон хугацаанд 30 гаруй жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг арилгах гэж хурдан шуурхай, цаг наргүй ажиллалаа.

Та бүхэндээ, хамт олондоо талархаж байна. Анх ажлаа авахад 13 дугаар байрт байсан. Одоо 5, 6 дугаар байр луу орж ирээд, ажлаа 90 хувьтай биелүүлсэн. Энэ бол манай хамт олны үр дүн юм.

Би хувь хүний улс төрийн шийдвэрээ гаргасан, ёсзүйгээс шалтгаалж миний албан тушаалын асуудал хөндөгдөж буйг хүмүүс ойлгож байгаа байх. Ёсзүй гэдэг чухал учраас би ажлаа өгч байгаа юм. Тиймээс салбарын хүмүүсээсээ уучлалт гуйж байна. Манай салбарт ажиллаж буй Төрийн нарийн бичгийн даргатай хамтарч ажиллаж чадаагүй.

Тэр хүнд багаар ажиллаж чадвар байгаагүй. Б.Баярсайхан гэж Төрийн нарийн бичгийн даргыг солихгүй бол ажил явахгүй ээ. Хэнтэй ч хамтарч ажиллаж чаддаггүй, албан тушаалыг эрх мэдэл гэж боддог. Би олон зүйлийг тэвчиж гурван сар дуугүй явлаа.

Төрийн албан хаагчийн наад захын соёлгүй энэ хүнийг та анхаарч үзнэ биз. Төрийн албаны наад захын шалгуур хангасан хүнийг та ажилд томилоорой. Тэгж байж салбарын чинь ажил явна шүү” гэсэн юм. Улмаар түүнийг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад 40 гишүүн дэмжиж, 71.4 хувийн саналаар огцруулав.

Б.Тогтох