ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Я.Содбаатар богино хугацаанд сайн ажилласан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-31

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, 71.4 хувийн саналаар чөлөөлсөн. Улмаар, Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулав. Улмаар гишүүд асуулт асууж эхэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Таны танхимд ажиллаж буй улстөрч ЖДҮХС-тай холбогдсон гээд ажлаа өглөө. Бусад хүмүүс нь өрөө төлсөн үү. Төлчихсөн бол тэр мөнгийг нь ЖДҮ эрхлэгчдэд өгөөч гэж манай тойргийн иргэд асуугаад байна. Дараагийн сайд чинь дахиад хэл аманд холбогдох юм биш биз дээ” гэсэн юм.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дараагийн сайдад янз бүрийн хэл амтай холбогдсон хүнийг тавихгүй. ЖДҮ бол сургамж болсон. Нэг талаас маш сайн зүйл. Монгол төрд ажиллах гэж байгаа хүн шуналаа дарах, ямар нэг асуудалтай холбогдох ёсгүй гэдгийг ухааруулсан.

Энэ 76 бүгдээрээ муу муухай хүмүүс биш. Бүгд л ард түмний итгэлийг хүлээж гарч ирсэн. Зарим нэг нь алдаа гаргасан. Алдаа гаргаснаа ухаарч байгааг би зөв зүйл гэж бодож байна. Я.Содбаатар богино хугацаанд сайн ажилласан. Өндөр ухамсар, соёл гаргаж өөрөө ажлаа өглөө. Цааш, цаашдаа олон жил төр түшилцэх хүн үлгэр дууриал авмаар үйлдэл гаргалаа. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүс төлбөрөө төлсөн. Эцсийн дүн мэдээг би мэдэхгүй” гэв.  

Харин чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Я.Содбаатар гишүүн “Энэ том салбарын бодлогыг үеийн найз нөхөд маань толгойлж том бодлогууд гаргаж ирсэн. Юуны өмнө боловсон хүчний асуудлыг анхаарах ёстой гэж би үзсэн. Ганц Зам тээврийн салбар ч бус төрийн албанд мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй байна. Энэ хаврын чуулганд салбарын том хуулиуд орж ирнэ. 12-15 жилд шинэчилсэн найруулгаар орж ирдэг. Намайг ажиллаж байх энэ хугацаанд хэд хэдэн том шийдвэр гарлаа” гэв. Хуралдаан үргэлжилж байна.

Б.Тогтох