ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: О.Баасанхүү гишүүн ээ, та Х.Нямбаатартай учраа ололц

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-01

УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Дэгийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын гишүүд асуулт асууж, дэмжиж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Монголын төрд бэлтгэгдсэн, МАН-ын залуусын дуу хоолой болж ажиллаж байгаа залуу. ЗГХЭГ-ын дарга гэдэг хамгийн том ажил алба, яамдуудын уялдаа холбоог зохицуулдаг. Сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд ямар ажил хийх вэ, эдийн засгийн өсөлтийг яавал айл өрхийн гэрт оруулах вэ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Нэг жил үлдэж байгаа нь үнэн. Өдөр бүхэн туйлын хариуцлагатай ажиллах шаардлага бийг хүлээн зөвшөөрч байна. Засгийн газар агентлаг, яамдын уялдааг хангах чиг үүрэгтэй. Хэрэв томилогдвол уялдаа холбоог сайжруулах чиглэлд ажиллана. Инфляц хоёр оронтой тоо руу дөхөж байгаа. Үүнээс болоод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэд бухимдалтай байна. Тиймээс энэ асуудалд Монголбанктай хамтарч зохицуулалт хийх тал дээр анхаарч ажиллана. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дундаж давхаргыг дэмжих, гэхдээ жил бүрийн төсөвт энэ талаар тэр бүр тусдаггүй нь үнэн. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: ЖДҮДС-гийн зээлд нэр холбогдсон албан тушаалтнуудад та хариуцлага тооцох уу. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой юу. Мөн нийгэмд үүсээд байгаа бухимдлыг яаж арилгах вэ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 2012 онд 17.5 хувьтай байсан эдийн засаг 2016 оны эхэнд 0 хувьтай болсон. Ийм эдийн засаг одоо 6.4 хувьтай болоод байна. Энэ өсөлтийг 65 суудалтай МАН бий болголоо. Эдийн засаг өссөнийг та мэдэж байгаа. Бид одоо намчирхалгүй хамтдаа нийлж ажил хиймээр байна. ЖДҮ-тэй холбоотой асуудалд би зарчмын байр суурь илэрхийлж байсан. Энэ бол өнгөрсөн 27 жилийн алдаа завхрал. Хамгийн наад зах нь БСШУС-ын яаманд байгаа тэтгэлгүүдийг дарга нарын хүүхдүүд авдаг байсан. Би Ерөнхий сайдтай ижил байр суурьтай байгаа. Зээл авсан хүмүүс эргүүлж төлөх ёстой. Шударга ёсны тэмцлээ цааш үргэлжлүүлнэ. Ний нуугүй ярих цаг болсон. Одоо дотор нь орж ажиллах цаг болсон гэж бодож байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Маш сайхан дүрдээ орж сайхан ярьдаг залуу. Ярих биш хийх нь чухал шүү. "Бэрс" гээд кино урлагийн дээд сургууль төгссөн хүн байна аа, ойлгож байна аа, дүрдээ маш сайн орж байна. Гол нь шударга ёсыг хуулиар сахиулдаг юм. Таны намтар дээр хуулийн сургуулиас номын дуу сонссон юм байна. Шалгалтад орчихсон хуулийн байгууллагад орох гээд хүлээж байгаа 77 хүн байна. Хэзээ ажилд нь оруулах юм бэ. Халсан нь зөв гээгүй, оруулах нь зөв гээгүй. Шүүхийн шийдвэр гараад үндэслэлгүй халсан гээд хүлээгдэж байгаа эдгээр хүнийг яах юм бэ, хэзээ ажилд нь оруулах юм бэ, Ерөнхий сайд аа. Салбар салбарт байгаа шударга хүмүүсийг ажилд нь оруулахгүй байна. Хэзээ тавих юм бэ. Эсвэл хандив авах гээд байгаа юм уу. Д.Амарбаясгалан дээр очих юм уу. ЖДҮ гэхээр зээл гээд байх юм. Энэ жил хулгай, авлига шүү дээ. Хэзээ хариуцлага тооцох юм бэ? Зээлчхээд буцааж өгөх асуудал биш. 27 хүн байгаа шүү дээ. Ярих яах вэ, үр жимсийг чинь харъя. Нэг жилийн дотор юу хийх вэ гэхээр дэлхийг өөрчлөх юм битгий ярь. Ядаж тэр шүүхээр үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон 77 хүнийг ядаж ажилд аваадах. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: О.Баасанхүү гишүүн удаа дараа над руу хаягласан юм ярьж байна. Шүүхийг хамгийн их шүүмжилж байсан хүн бол та. “Манай Ж.Энхбаяр даргыг шүүх барьж авах гээд байна, шударга бусын хонгилоор явуулах гээд байна” гэж байсан. Би нэг нүүрний дор хоёр санаа агуулахгүй. Миний амьдрал “Бэрх” гээд жижиг тосгоноос эхэлсэн. Бэрс гээд жижигхэн сургуульд боловсрол эзэмшиж байсан. Хэн нэгний татаасгүй явж ирсэн. Энэ ч утгаараа таны намтар, замналыг хүндэлж харьцдаг. Миний амнаас хоёр жилийн хугацаанд О.Баасанхүү гэж нэр гарч байгаагүй. Хувь хүнтэй муудалцсан асуудал байвал та Х.Нямбаатартай учраа олно биз ээ, чуулганы танхимаас гадуур.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МАН-ынхан эрх мэдлээ тогтоох гэж байгаа юм байна л даа. Би УИХ-ын гишүүнийхээ эрхийг эдэлж, нэг минутаа ч болов ашиглана. Би 77 хүнийг ажилд нь эргүүлж авах уу л гэж асуусан. Тэрэнд хариулт өгөөч.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:  Тэр хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад, ажилдаа эргэж орсон байна уу, орох боломжтой гэдгийг нь мэдчихээд танд мэдээлэл өгье. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрч хүчтэй залуу хүн Засгийн газрын гал тогоог барих гэж байгааг дэмжиж байна. Тиймээс хариуцлагатай ажиллаж, Ерөнхий сайдынхаа итгэлийг дааж ажиллаарай гэж захъя. Хөгжлийн бодлого төлөвлөлтийг Засгийн газар яаж уялдуулж ажиллах вэ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монгол төр 4 жилээр ажлаа төлөвлөж ирсэн. Дөрвөн жилд хоёр том сонгуультай дэлхийн цөөхөн улсын нэг. Үүнээс болоод Засгийн газар нь тогтворгүй байдаг. Дараагийн 25 жилийг намчирхалгүйгээр харах нийгмийн хүлээлт байна. Бид үүнийг олон талаас нь нягталж харж, дараагийн 25 жилийн төсөөллийг гаргах ёстой. Ингэхийн тулд өмнө нь ХЭГ-ын даргаар ажиллаж байсан бүх хүмүүсийг урьж уулзана. Төрийн ордонд ихэнх хурал дандаа сандал ширээний хойно өрнөдөг. Дундаа самбар тавиад хэлэлцүүлэг өрнүүлбэл байдал арай өөр болно. Мөн үнэт зүйл, дараагийн 25 жилийн төлөвлөгөө гарах ёстой. Хугацаа бага байгаа ч өөрчлөхийн төлөө хичээж ажиллана.