ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хорих 461-р ангид “Жаст”-ын Ш.Батхүү л ганцаараа үлджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-11

- Баривчлагдсан албан тушаалтнууд бүгд батлан даалтад гарсан байна -


АТГ-ын үйл ажиллагааг олон нийт “спорт загасчлал”-тай зүйрлэх болов. Тэд сүр дуулиантай баривчилгаа хий­дэг ч төд удалгүй суллаад явуулчихдаг. Яг л спорт загасч­лал шиг. Хэчнээн том тул, загас барилаа ч зургаа авахуул­­чихаад буцааж тавихаас өөр аргагүй. Ангийн зориулалтаар агнасан биш учраас усанд нь эргүүлж тавьчихаад дэмий л шүлсээ залгиад үлддэг. Яг л түүн шиг АТГ сар бүрийн 25-нд хийдэг хэвлэлийн хурлынхаа өмнөхөн сүр дуулиантай баривчилгаа хийдэг бичигдээгүй хуультай болсон. Хуулийн хугацаанд буюу 48 хоногт үргэлжлүүлэн хорих эсэх шийдвэр гаргаад сул чөлөөтэй явуулчихна.

Эсвэл нэг сар үргэлжлүүлэн хорих шүүхийн шийдвэр гаргуулсан ч батлан даалт гэдэг үгээр бамбай хийгээд явуулчихдаг. Тус байгууллагаас өнгөрсөн нохой жилд чамгүй олон “тул” барьсан. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал захирал, эдийн засагч Б.Бямбасайхан нарыг баривчилсан ч хилийн хориг тавьж, батлан даалтад гаргав. “Эрдэнэт” үйлдвэрийн дуулиантай холбогдуулан Ш.Батхүүгээс эхлээд Ч.Ганзориг хүртэл баривчилгаа үргэлжилсэн ч мөн л үр дүн гараагүй. Барьсан бүх хүмүүс нь хорих ангиас гарч, наранд эрх чөлөөтэй алхалж, хэргээс мултрах арга заль, үг үсгээ нийлүүлээд явж байгаа гэхэд хэтийдэхгүй. Энэ мэт олон хэрэг жил тойрсон ч өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй. Тэр ч байтугай шүүхэд шилжүүлчихээд буй улстөрчдийнх нь хэрэг ч шүүхийн шатанд гацаанд оржээ.

Шадар сайд асан С.Оюунбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил нарын хэргийг шүүх хурал хэд хэдэн удаа хойшиллоо. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэрэг мөн л хойшилсоор байна. АТГ-ын сүр дуулиантай баривчилгаа хамгийн ихдээ 10 хоног үргэлжилж, харин хэргийг шалгах ажил нь бүтэн хоёр гурван жил үргэлжилдэг болжээ. Өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудаас ганцхан хүн хоригдож байгаа гэх мэдээлэл байна. Тэр нь “Жаст” группын захирал асан Ш.Батхүү. Зарим эх сурвалжууд түүнийг батлан даалтад байгаа гэх мэдээллийг ч өгч байлаа. Харин бусад бүх хүмүүс нь суллагдаж, батлан даалтад гарч, хилийн хориг тогтоолгон шалгуулж буй нэрээр сул чөлөөтэй явж байгаа аж. Тэднийг хэзээ хэрхэн барьж, хэд хоногийн дараа суллагдсаныг тоймлон хүргэе.  

 

Сул чөлөөтэй, батлан даалтад буй албан тушаалтнууд

Ерөнхий сайд асан С.Баяр

2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан хорьсон. 
2018 оны зургадугаар сарын 08-нд суллаж, хилийн хориг тогтоов.  
2018 оны аравдугаар сарын 18-нд дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд өдгөө ч хэргийг нь үргэлжлүүлэн шалгасаар байна. 

“Жаст” группын Ерөнхийлөгч асан Ш.Батхүү

2018 оны гуравдугаар сарын 13-нд анх цагдан хорьсон
2018 оны зургадугаар сарын 28-нд батлан даалтад гарсан 
2018 оны наймдугаар сарын 31-нд дахин цагдан хорьсон ч дахин батлан даалтад гаргаад байсан
2019 оны нэгдүгээр сарын 29-нд хүргүүлсэн цагдан хорих санал хүргүүлсэн

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 

2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд цагдан хорьсон 
2018 оны зургадугаар сарын 08-нд суллаж, хилийн хориг тогтоон хэргийг шалгаж байна

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг 

2018 оны есдүгээр сарын 25-нд баривчилсан
2018 оны есдүгээр сарын 27-нд суллаж, гадуур шалгахаар болсон 

Сангийн сайд асан С.Баярцогт 

2019 оны нэгдүгээр сарын 16-нд дахин баривчилсан 
2019 оны нэгдүгээр сарын 30-нд батлан даалтад гаргав 

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир 

2018 оны аравдугаар сард баривчилсан 
2018 оны арваннэгдүгээр сард батлан даалтад гаргажээ 

“Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан

2019 оны нэгдүгээр сарын 23-нд цагдан хорив. 
2019 оны нэгдүгээр сарын 31-нд суллаж, хилийн хориг тогтоов 

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган 

2018 оны арваннэгдүгээр сарын 20-нд цагдан хорьсон 
2018 оны арванхоёрдугаар сарын 06-нд суллажээ 

“Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням 

2019 оны нэгдүгээр сарын 19-нд цагдан хорив
2019 оны нэгдүгээр сарын 25-нд сулласан

Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав

2019 оны нэгдүгээр сарын 07-нд цагдан хорьсон 
2019 оны хоёрдугаар сарын 01-нд батлан даалтад гарсан 

Гишүүн, сайд аснуудын хэрэг хойшилсоор байна 

Шадар сайд асан Ц.Оюунбаатар

2019 оны нэгдүгээр сарын 08-нд шүүх хурал товлогдсон ч өнөөдрийг хүртэл хойшилсон хэвээр байна. 

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл 

2019 оны нэгдүгээр сарын 18-ны урьдчилсан хэлэлцүүлэг товлогдсон ч хоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл хойшилсон. 

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр 

2019 оны нэгдүгээр сарын 25-нд шүүх хурал товлогдсон ч энэ сарын 15-ны өдрийг хүртэл хойшлов. 

Эрчим хүчний сайд асан М.Сономпил 

2019 оны нэгдүгээр сарын 23-нд шүүх хурал товлогдсон ч хоёрдугаар сарын 18-ныг хүртэл хойшилжээ.  

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 

2019 оны нэгдүгээр сарын 30-нд цагдан хорих талаар шүүх хуралдсан ч шаардлагагүй гэж үзэн хилийн хориг тавьсан хэвээр, үргэлжлүүлэн шалгахаар болов. 

Зам тээвэр, хөгжлийн яамны ТЗУГ-ын дарга асан Б.Махбал 

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны нэгдүгээр сарын 29-нд болж, шүүх хурлыг энэ сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулсан.