ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Болдсайхан: Нөхөн сонгуульд өрсөлдөх хүмүүс энэ баасан гарагийн дотор өргөдлөө өгөх ёстой

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-11

УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар өнөөдөр СЕХ-ооноос мэдээлэл хийлээ.  УИХ-ын чуулганаар 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов, зардлыг тогтоосон.  Улмаар ирэх зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгуулийг зохион байгуулахаар тогтсон билээ.

Хурлын эхэнд   СЕХ-ны   нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Сонгуулийн ерөнхий хороо энэхүү нөхөн сонгуулийг явуулах тухай хүсэлт болон товыг 2018 онд УИХ-д хүргүүлж байсан удаатай. Гэвч Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэний улмаас хойшлоод байсан юм.  Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр  Дээд шүүхэд бүртгэлтэй нийт 31 нам байгаагаас 27-д нь нөхөн сонгуулийн талаарх зөвлөмжийг хүргүүлсэн.   Түүнчлэн сонгуультай холбогдож, хуулийн дагуу үүрэг хүлээн ажилладаг албан газруудад мөн зөвлөмжийг хүргүүллээ.

Энэ удаагийн сонгуульд нийт 287.6 сая төгрөгийг зарцуулахаар болсон. Үүний 246.1 саяыг  СЕХ, 32 саяыг нь Улсын бүртгэлийн газар, 8.3 саяыг   нь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд зарцуулахаар төсөвлөсөн.  Харин сонгуульд оролцох нэр дэвшигч болон сонгуульд оролцож буй намын сонгуулийн зардлын дээд хэмжээг Аудитын ерөнхий газраас нөхөн сонгууль явагдахаас 120 хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 1-ий өдөр гэхэд тогтоосон байх болно.

Хэнтий аймагт явагдсан 2016 оны сонгуульд 16459 иргэн оролцож байсан ба тухайн үед сонгуулийн ирц 80 хувьтай байсан. Харин энэ удаагийн сонгуульд Улсын бүртгэлээс ирүүлсэн мэдээллийн дагуу нийт 17450 сонгуулийн насны оролцох иргэн бүртгэлтэй байна" хэмээлээ.

Мөн тэрбээр “Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд аймгийн төв болох Хэрлэн сум, Мөрөн, Жаргалтхаан гэсэн гурван сумд нийт 21 ажлын хэсэг гарч, санал хураалтын ажлыг 500 гаруй хүний тусламжтайгаар явуулна.  Нөхөн сонгууль явуулах ажлыг ийнхүү түргэвчлэн зохион байгуулах болсон нь УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой.

Төрийн албан хаагч, төрийн өмчийн компанийн захирал, дэд захирал, болон төрийн өмчийн оролцоотой компанийн захирал, дэд захирал гэсэн нэр бүхий албан тушаалтнууд сонгуульд нэр дэвших болсон тохиолдолд сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор тухайн нэр дэвших сонирхолтой байгаа хүнийг томилдог албан тушаалтанд өргөдөл гаргах тухай өөрчлөлтийг оруулсан. Энэ хугацаа баасан гарагт буюу 15-ны өдөр дуусгавар болж байгаа.  Тиймээс нэр дэвших сонирхолтой хүмүүс Сонгуулийн хуулийн дагуу өргөдлөө өөрийн томилдог албан тушаалтанд хүргүүлсэн байх шаардлагатай” хэмээсэн юм.