ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шүүхэд нөлөөлөв үү гэж хардаж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-11

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй Нийслэлийн МАН-ын удирдлагууд Баянзүрх дүүргийн дахин сонгууль болон сонгуультай холбоотой шүүхийн шийдвэрийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Баянзүрх дүүргийн иргэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад төлөөлөлгүй гурван жил орчим болж байна. Хуулийн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрээр хоёр тойрогт Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг нь тогтоосон.

Тухайн хоёр тойрогт дахин сонгууль явуулах шийдвэр гараад, хоёр шатны шүүх нь сонгуулийг хойшлуулж явсаар байгаад сая гуравдах шатны шүүхийн шийдвэр гарсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн хоёр тойрогт энэ гуравдуаар сард дахин сонгууль явуулах шийдвэр гарсан. 

Гэтэл Ардчилсан намаас нэр дэвшигчид уг сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлж чадаагүйн улмаас шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг үндэслэлээр Улсын дээд шүүхэд энэ сонгуулийг хойшлуулахаар хандсан.  Улсын дээд шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг энэ маргааш хянаж үзэх гэж байгаа.  Хэрэв УДШ шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзвэл Баянзүрх дүүрэг энэ сонгуулийн хугацаанд Засаг даргагүй, ИТХ-гүй явах нь. 

Бид үүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хардаж байгаа. Түүний хүү Эрдэнэ Баянзүрх дүүргийн ИТХ-д сонгогдсон. Хэрэв энэ тойрогт бусад намууд ялалт байгуулбал Баянзүрх дүүргийн АН ялагдах учир шалтгаантай байгаа учраас экс Ерөнхийлөгч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нөлөөлөөд байна гэсэн хардлага бидэн байгаа.  Тиймээс маргааш болох шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг зүйлийг зөвөөр авч хэлэлцээсэй гэж хүсч байна” хэмээлээ.