ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Бид энэ онд эдийн засгаа өөрөө мөнгө олдог байдал руу шилжүүлнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-13

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр МҮЭ-ийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад 21 аймгийн ҮЭ-ийн дарга нар болон газар хэлтсийн дарга нар оролцов. Энэ үеэр ҮЭ-ийн байгууллагын төлөөлөгчид цалин хөлсийг шат дараатайгаар нэмэх, нийгмийн түншлэлтэй холбоотойгоор гарсан тогтоолын хэрэгжилтийг хангах, банкны зээлийн хүүг бууруулах чиглэлээр анхаарах зэрэг хэд хэдэн асуудлуудад анхаарч ажиллахыг Ерөнхий сайдаас хүссэн юм. Увс аймгийн ҮЭ-ийн холбооны дарга алслагдсан аймаг орон нутагт барьцаа болон хүүгүй зээлийг олгох нь төвлөрлийг сааруулахад бодит үр дүн өгөх тул энэ асуудлыг анхаарч үзэхийг Засгийн газрын тэргүүнээс хүсэв.

Харин МТЗҮЭХ-ны дэд дарга Б.Баяраа зээлийн хүү өндөр байгааг шүүмжилж ипотекийн зээл ард иргэдийн амьдралын баталгааг “сорж”, иргэд зөвхөн түүнийгээ төлөхийн тулд хоногийн хоолноосоо хасч байна гэдгийг хэлэв. Мөн тэрбээр иргэдийн цалингийн чадамж ипотекийн зээлийн хэмжээнд хүрч байна уу гэдэг нь харьцангуй ойлголт гэдгийг онцлов. Тиймээс зээлийн хүүг бууруулж, хүрээг нь тэлэх талаар анхаарч ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ. ҮЭ-ийн байгууллагын төлөөллүүдийн дэвшүүлсэн асуудлын нэг нь тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдийн тэтгэврийн үнэлэмжийг өөрчилсөн нь иргэдэд хүндрэлтэй байгаа асуудпал гэв. Мөн тэд нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн нь ажил олгогч нарт хүндээр тусч, ажлын байр хумигдаж байгааг онцлов.

 МҮЭ-ийн байгууллагын төлөөллүүдийн санал хүсэлтийг сонссоны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэхдээ “Та бүхний тавьсан санал хүсэлтийг дараа дараагийн ажилдаа тусгаж ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд МҮЭ-ийн байгууллагуудтай хамтарч ажиллан, та бүхний тавьсан санал хүсэлтийг сонсож, тавьж байгаа шаардлагыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. МҮЭХ бол хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалдаг маш чухал байгууллага.

Засгийн газартаа ташуур өгч, шахаж шаарддаг газар мөн. Тиймээс Засгийн газар танай байгууллагатай бүх талаар хамтарч ажиллах ёстой. Засгийн газар ахмад настан, хөдөлмөрчин ангидаа хангалттай цалин, тэтгэвэр өгөхийг зорьж ажиллаж байгаа. Гэвч эдийн засгийн байдал сайнгүй байна. Бид эдийн засгаа сэхээний тасгаас энгийн ор луу шилжүүлж, тэгээд гэрт нь гаргаж авсан. Одоо 2019 онд өөрөө мөнгөө олдог байдал руу шилжүүлнэ. Үүний төлөө Засгийн газар ажиллаж байгаа. 

Одоо ажлын байраа нэмэгдүүлэх нь л хамгийн чухал. Би аймгуудын засаг дарга нарт ажлыг нь аймагтаа гаргасан ажлын байраар дүгнэнэ гэдгээ хэлсэн. Ингэхийн тулд бид ААН-үүдээ дэмжих хэрэгтэй байгаа юм. Хүн амын тоо тогтмол өсч байгаа энэ үед ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх нь хамгаас чухал байна. Мөн ажлын байр байгаад байдаг ч залхуурал гэдэг өвчнөөс үүдэж, хүн олдохгүй байна. Бид сэтгэлгээгээ бас өөрчлөх ёстойг энэ үйл явц харуулж байгаа юм. 

Ганц уул уурхайн салбарыг түшиглэх биш бусад салбараа солонгоруулах чиглэлд анхаарах хэрэгтэй байгаа. Баялгийн сангаа байгуулж, газар доорх баялгийг ард түмэнд жигд эзэмшүүлэх тал дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллана. Ард түмэн ч үүний төлөө дүн өвлөөр нэгдэж жагслаа. Одоо бид шударга нийгэмд л амьдрах хэрэгтэй байна. Амьдрал хэцүү байгаа ч тэсч болно. Гол нь шударга нийгэм л бүтээгээд өгөөрэй гэж ард иргэд надад хэлж байгаа. Энэ бүхний төлөө бид хамтран ажиллах ёстой” гэв.