ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эрүүл мэндийн салбар инээмсэглэл, эерэг хандлагад уриаллаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-13

“Инээмсэглэл-Эерэг хандлага” 2019 эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг 50 гаруй байгууллагаас төлөөлж 170 гаруй удирдах албан тушаалтнууд оролцон ажлаа тайлагнаж алдаа оноогоо хэлэлцэж байна.

Зөвлөгөөнд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тавьсан илтгэл салбарын төдийгүй олон нийтийн анхаарлыг ихэд татлаа. Илтгэлдээ 2018 онд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашдынхаа зорилтыг онцолсон юм. 
2019 онд “Инээмсэглэл – Эерэг хандлага” уриа дэвшүүлэн ажиллах болсныг зарлажээ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгиийн ажилтны ёс зүйг чандлан сахиж “Эмнэлгийн ажилтан - үйлчлүүлэгч - ар гэр” гэсэн гурван талт харилцааг дээдэлж, бие, биедээ хүндэтгэлтэй, халуун сэтгэлээр хандаж ажиллахыг уриалж байна. 

“Инээмсэглэл” гэдэг бол үнэ төлбөргүй атлаа асар ихийг бүтээх хүчийг агуулж байдаг. “Инээмсэглэл” хүн хооронд итгэлцэл, эрч хүч, урам зориг, амжилт бүтээлийг бий болгож чаддаг. Иймээс эрүүл мэндийн салбарын ажиллагсад бид өөр хоорондоо төдийгүй иргэд,үйлчлүүлэгчээ инээмсэглэн угтаж эерэг харилцаа хандлага бүрдүүлэх чиглэлд эрс шинэчлэл хийж ажиллана гэдэгт бүрэн дүүрэн итгэж байгаагаа илэрхийллээ. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн үргэлжилж байна.