ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор багтаан хуралдуулахыг шаардлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-14

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд ээлжит бус чуулганыг 14 хоногт багтаан зарлан хуралдуулахыг шаардаж Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Тэд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Стандарт банкнаас зээл авсан буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож хувь хөрөнгийг нь хураан авч улсыг хохиролгүй болгох ёстой гэх байр, суурийг энэ үеэр илэрхийлэв. Мөн ЖДҮХС-аас зээл авсан хүмүүсээс зөвхөн гишүүдийг ялган шалгах бус бүх хүмүүсийг ижил, тэгш шалгах хэрэгтэй. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр хэргийг нь яаралтай шалгаад шүүх рүү шилжүүл. Эрүүгийн хуулийн хялбаршуулсан журмаар хэргийг шалгаж болно. Асуудлыг удааж улс төржилтөд ашиглаж болохгүй гэсэн юм.