ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулна

O.Admin
2019-02-17

Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэл хийлээ.  Хуралд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн АЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн З.Нарантуяа болон бусад АЭХ-ны гишүүд оролцлоо

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Гэр бүлийн тухай хуулийг орон даяар  хэлэлцүүлэх санаачилгыг гаргаж,  “Хамтдаа хэлэлцье “ аяныг ирэх  сарын 01-нээс зургадугаар сарын 01-ныг хүртэл гурван сарын хугацаанд эхлүүлж байгаа талаараа мэдэгдсэн юм.  

Хууль нь шинэчлэгдэн батлагдсанаар эцэг,  эхийн хүлээх үүргийг нэмэгдүүлж, хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх аж. Мөн гэр бүлийн боловсрол олгох асуудалд анхаарлаа хандуулж, төрөөс гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, гэр бүлд тулгамдсан асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн боломж нээгдэх юм. Иймээс энэхүү хуульд орох заалт, нэмэлт өөрчлөлт бүрт анхаарлаа хандуулж, олон нийтээр хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэдгийг хуралд оролцогсод ярилаа.  

Хурлын үеэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Одонтуяа  “Гэр бүлийн тухай хууль нь монгол хүн бүр, өрх бүрийн амьдрал, өрхийн гишүүдийн харилцааг зохицуулдаг нийгмийн харилцааны хамгийн чухал суурь юм.  Иймээс  онцгой анхаарлаа хандуулж хандуулж байна. Аяны хүрээнд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж,  өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн  үр дүнг нь нийтэд мэдээллэж,  саналуудыг нэгтгэж,  хууль санаачлагч эрх бүхий Ерөнхийлөгч, УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газарт хүргүүлнэ” хэмээлээ.  

Д.Баттогтох