ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг шаарджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-17

Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Гавьяат Дасгалжуулагч Ц. Цэвэрбал тэргүүтэй хүмүүс хэвлэлийн бага хурал эхэллээ. Хурлын эхэнд МСБХ-ны Ерөнхийлөгч Ц.Цэвэрбал тус холбооны талаарх маргаанууд дуусч Монгол Улс болоод ОУСБХ-нд  хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн талаар баримтуудыг сэтгүүлчдэд дэлгэлээ.

Үүнд Улсын бүртгэлийн газраас олгосон хүчин төгөлдөр МСБХ-ны Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг эх хувиар нь авчирч  хуурамч тамга тэмдгийг хүчингүйд тооцсон тухай Улсын бүртгэлийн газрын албан бичиг зэрэг байлаа.

Мөн ОУСБХ буюу ФИБА-аас гишүүн байгууллагын татварыг удирдлагын маргаантай байсан тул сүүлийн зургаан жил нэхэмжлээгүй байсан ба өнгөрөгч нэгдүгээр сард ФИБА-гийн Азийн бүс хариуцсан гүйцэтгэх захирал Хагоп Хайжирианаас зургаан жилийн татвараа төлөх нэхэмжлэх ирсний дагуу гишүүн байгууллагын татвараа МСБХ төлсөн тухай дурьдан баримтыг үзүүлсэн юм. Гишүүн байгууллагын татвараа төлснөөр Олон улсын түвшинд Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагын маргаан дууссаны нотолгоо болж байна хэмээлээ.

Монгол орон даяар 33 сагсан бөмбөгийн холбоод байгаа ба эдгээр холбоод тус тусын хариуцсан сагсан бөмбөгийн хөгжлийн ажлуудаа хийх ба МСБХ-ны нэгдсэн бодлого дор бүгд нэгдэх ёстой аж. Хэвлэлийн бага хурлын үеэр олон сагсан бөмбөг сонирхогчдын үргэлж асуудаг, хүсэн хүлээсэн асуулт болох сагсан бөмбөгийн холбоод нэгдэх үү гэсэн асуултад МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга хариулт өгсөн юм. Тэрбээр “Монголын сагсан бөмбөгийг олон улсад төлөөлөх эрх бүх цор ганц байгууллага, гол бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй нь МСБХ юм. Монгол оронд сагсан бөмбөгийг хөгжүүлэхэд олон хүний оролцоо, дэмжлэг, ажиллагаа хэрэгтэй ба гагцхүү нэг бодлого дор нэгдэх ёстой. Иймд МҮСБХ нь бодлогын хүрээнд МСБХ-ны дор нэгдэж байна. Нэг үгээр хэлбэл, лигүүд зохион байгуулдаг ажлын алба ч гэж хэлэх юм” гэлээ.

Монгол Улсын хууль, хяналтын байгууллагын шийдвэрээр дотооддоо болоод ОУСБХ-нд МСБХ-ны удирдлага нь Ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга нь Б.Дамба гэдэг нь хуулийн хүрээнд нотлогджээ.

Ийм байхад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БСШУЯ-ны харьяа Биеийн тамир, Спортын газрын дарга Ц. Шаравжамц нь төрийн албан хаагч, төрөөс спортын салбарт хуулийг хэрэгжүүлэгч гол байгууллагын даргын хувьд албан тушаал, эрх мэдлээ буруугаар ашиглан МСБХ-ны нэрийг хууль бусаар ашиглаж, залилан мэхлэх гэмт хэргийн шинж бүхий этгээдүүд Б.Тамир, О.Баярцогт зэрэг найзууддаа МСБХ-нд олгож буй санхүүжилт нэрийн дор санхүүжилт олгож, Спортын төв ордонд тэмцээн уралдаан зохион байгуулуулахгүй нийт монголын сагсан бөмбөгчдийг хохироож байгаа гэж мэдэгдлээ. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, БСШУЯ-ны Сайд Ё. Баатарбилэг та бүхэн Монгол Улсын хуулийг мөрдөн ажиллаж албан ёсны МСБХ-ны удирдлагуудтай хамтран ажиллахыг БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад даалгах, хариуцлага тооцохыг шаардаж байна гэлээ.