ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гарчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-17

МАН-ын дэргэдэх Хяналтын Ерөнхий хороо хуралдаж, нэр бүхий гишүүдийг намаас хөөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, 60 тэрбумын схемийг боловсруулж төрийн албан тушаалыг наймаалцахаар санаархаж байсан Ц.Сандуй болон намын шийдвэрийг сөрж, сөрөг хүчинтэй үгсэн хуйвалдсан гэх С.Мөнхчулуун нарыг намаас хөөхөөр болсон байна.

Ц.Сандуй нь өнгөрсөн жил хариуцлага хүлээж НИТХ-ын даргын ажлаа өгсөн. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд НИТХ дахь намаа хоёр хувааж, намын Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргачихаад байхад дүрэм зөрчин С.Мөнхчулууныг заалнаас нэр дэвшүүлж хор хутгасан, мөн АН-ын бүлэгтэй нэгдэж нийлэн намын нэр хүндийг унагасан гэж үзсэн байна.

Ардын намын дүрмийн 6.3 дахь заалтыг үндэслэж энэхүү шийдвэрийг гаргажээ. С.Мөнхчулууныг Ерөнхий сайд батламжлахаас татгалзсан бөгөөд ёсзүйн алдаа гаргасан гэж үзсэн. Гэсэн ч өнөөдөр тэрбээр дахин хотын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байсан ч намын шийдвэр гарснаар тэр гишүүнээс хөөгдөж байгаа нь энэ бололтой.