ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Сахал” Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайдтай уулзах хүсэлт гаргав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-13

Худалдаа хөгжлийн банкнаас ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн гарын үсэгтэй хүсэлтийг Засгийн газарт хүргүүлжээ. Тус хүсэлтэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиар “Монголын зэс корпораци” ХХК-тай хийх зөвшилцөлд, хөрөнгө гаргасан банкны удирдлагын хувьд оролцох хүсэлт гаргасан байна. 

Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас 400 гаруй сая ам.доллароор авахдаа хууль зөрчсөн, мөнгө угаасан байж магадгүй гэж үзэн Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт онц дэглэм тогтоож, 49 хувийг эзэмшиж буй “Монголын зэс корпораци” ХХК-ийн удирдлагуудыг цагдан хорьж, тус үйлдвэрт компанийг төлөөлөн ажиллаж байсан нэр бүхий найман хүнийг ажлаас нь чөлөөлсөн. 

Тэгвэл энэ шийдвэрийн дараа “Монголын зэс корпораци” ХХК-ийн удирдлагууд Ерөнхий сайдтай зөвшилцлийн ширээний ард сууж, үл ойлголцсон асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх хүсэлт хүргүүлээд байгаа юм. Ерөнхий сайд одоогоор хариу өгөөгүй билээ. ХХБ нь 49 хувийг худалдан авах үед хөрөнгө гаргаж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн учраас энэхүү зөвшилцөх уулзалтад оролцох сонирхолтой гэж мэдэгдсэн байна.