ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пүрэвдорж: Гадаад харилцааны яаманд ирсэн мэдээллийг өөрсдөө авчирсан мэтээр ярьсан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-17

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Швейцарт айлчилсан. УИХ-ын даргатай хамт нэр бүхий долоон гишүүн хамт явсан. Эдгээр гишүүд уг айлчлалын үеэр Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор дэх таван дансны баримтыг авчирсан тухайгаа мэдэгдсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодруулахад “Миний авсан мэдээллээр АТГ болон прокурорын байгууллагаас Швейцарь Улсад хүсэлт тавьсны үндсэн дээр тодорхой мэдээлэл ирсэн гэж сонссон. Өөрөөр хэлбэл, тус улсад биднийг айлчлах үеэр бус харин үүнээс хоёр долоо хоногийн өмнө Гадаад харилцааны яаманд ирсэн мэдээлэлийг өөрсдөө авчирсан мэтээр ярьсан байнэ билээ" гэсэн юм. Тиймээс түүнээс дараах зүйлийг тодруулсан юм.

-Тэгэхээр Т.Аюурсайхан гишүүний ярьсан яриа, бичсэн пост худлаа гэсэн үг үү?

-Хоёр долоо хоногийн өмнө Гадаад харилцааны яаманд энэ мэдээлэл ирсэн байсан. Мэдээлэл ирсэн сургаар яриа өгч байх шиг байсан.

-Томилолтын үеэр ийм асуудал яригдаагүй гэж ойлгож болох уу?

-Хууль хяналтын байгууллагын хүмүүстэй огт уулзаагүй. Харин Швейцарийн холбооны улсын удирдах албан тушаалтнууд "Манай улсыг оффшор бүсэд оруулсанд эсэргүүцэж байна” гэж дургүйцлээ илэрхийлсэн.