ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХААЛТТАЙ ХУРАЛДААНААС

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-18

МАН: Алтны нөөцийн татварыг бууруулахыг дэмжинэ


УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэнтэй холбогдуулан МАН-ын бүлэг өчигдөр хаалттай хуралдаж, чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа нэгтгэжээ. Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “МАН-ын бүлэг ээлжит бус чуулганаар хэлэлцэх хоёр асуудалд байр сууриа нэгтгэлээ. Татварын багц хуулийг Засгийн газраас өргөн бариад жил болж байна. Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрлээ. Ер нь энэхүү Татварын гурван хуулийг яаралтай УИХ-ын чуулганаар оруулж, хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзлээ. Мөн ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуулийн төсөл бол алтны татварыг 2023 он хүртэл сунгах тухай төсөл юм. Өмнө нь уг хуулийн төслийг бүлгээр хэлэлцээд унасан. Сүүлийн үед Монгол банкинд тушааж буй алтны хэмжээ 81 хувиар буурсан байна.  Тиймээс алтны тушаалтыг нэмэгдүүлэх, цаашид валютын нөөцийг бий болгох үүднээс энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганд МАН-ын бүлэг дэмжих шийдвэрийг гаргалаа” хэмээн мэдээлэв. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Ээлжит бус чуулганаар АТГ-ын удирдлагуудыг болон Ерөнхий прокурорын орлогчийг албан тушаалаас нь буулгах асуудлыг хэлэлцэнэ гэсэн. Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн үү. Энэ асуудалд бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад найман асуудал орсон байгаа. Үүний нэг тав нь хуулийн тухай асуудал, гурав нь томилгоотой холбоотой асуудал хэлэлцэх юм. Томилгоотой холбоотой гурван асуудал нь ЗХЖШ-ын даргыг томилох, Ерөнхий прокурорын орлогчийн асуудал, АТГ-ын удирдлагын асуудлууд байгаа. Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар таван хуултьай холбоотой асуудал хэлэлцэх учраас эдгээр хуультай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Гурван томилгоотой холбоотой асуудлыг ойрын үед бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэнэ.   


АН: Татварын багц хуулийг боловсруулсан ажлын хэсгийнхэнтэй санал солилцоно

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэжээ. Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Татварын багц хуулинд эерэг сөрөг олон зүйл бий. Манай намын бүлэг Татварын багц хуулийн шинэчлэлийг дэмжих нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. Гэхдээ татварын орлогыг нэмэгдүүлэхэд ачааллын хүнд нь хаана очих вэ, олон төрлийн хөнгөлөлт нийгэмд хэр зэрэг ач холбогдолтой вэ гэх мэт ярилцах зүйлүүд гарч ирж байна. Мөн татварын бааз суурийн асуудал яригдаж байна. Зөвхөн орлогоороо амьдрах нь зөв үү буруу юу, татварын бус орлогыг хэрхэн, яаж тооцоолсон бэ зэрэг тооцооллын асуудлууд бүрхэг харагдаж байгаа. Иймд бид маргааш 11:00 цагт Сангийн яамны хууль боловсруулсан ажлын хэсгийнхнийг татварын багц хуулийн тооцооллын асуудалд санал солилцохыг урьж байна.

Мөн Ашигт малтмалын тухай хууль маш олон сар гацлаа. Хуулийн тодорхойгүй байдал бий болсон нь эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөөлж. Тиймээс эрх баригчид энэ хуулийг нэн даруй нэг тийш нь болгох хэрэгтэй” гэв. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа Татварын багц хуультай холбоотой бүлгийн байр суурийг дэлгэрүүлж мэдээлэхдээ “Татварын багц хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Өнөөдөр төсвийн орлогын 80 гаруй хувийг татварын орлого бүрдүүлж байгаа. Бараа бүтээгдэхүүний чанар, экспортын хэмжээ нэмэгдсэн үү. Энэхүү хөнгөлөлт хэр зэрэг үр өгөөжтэй байв гэдгийг эргэж харах хэрэгтэй. Эдийн засгийн үр өгөөжөөр нь тооцоолохгүйгээр жижиг аж ахуй нэгжүүдийн саналыг авна гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Энэ бол улс орны эдийн засгийн цаашдын дунд, урт хугацааны тогтвортой байдлын асуудал учир ул суурьтай, шинжилгээ тооцоотойгоор хандах хэрэгтэй. Өмнө нь батлагдсан хуулиудын үр дагаврыг ч харах шаардлагатай. Жижиг аж ахуй нэгжүүдээ дэмжих нь зөв. Гэхдээ хэрэгжүүлэх гэж буй шийдвэр онож байна уу, хүлээгдэж буй үр дүн гарах уу гэдгийг нь харах хэрэгтэй” гэлээ.  

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-АТГ-ын даргын бүрэн эрхийг хугацаа дуусгавар болсон гэж Ерөнхийлөгч оруулж ирсэн. Гэтэл Авлигын эсрэг хуульд дээрх үндэслэлээр чөлөөлж болохооргүй заалттай. Төрийн албан тухай хуульд өмнөх албан тушаалтныхаа бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллана гэсэн заалт бий. Энэ хоёр хуулийн алинаар нь шийдэх юм бол?

-Энэ дээр хуулийн тайлбарыг хийж чадахгүй байна. Хэлэлцүүлэг явагдана. Хуулийн тайлбарыг хэн хийх вэ гэдэг асуулт тавигдах зайлшгүй нөхцөл бүрдэх байх гэж харж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дээр АН-ын бүлгийн байр суурь хэвээрээ юу. Хэдийд авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-АН Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэж үзээд ажлын хэсэгт хамтран ажиллаж байгаа. Гэхдээ эрх баригчдын хуваагдал Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахад эргэлзээ төрүүлж байгаа гэдэг байр сууриа бид өмнө илэрхийлсэн. Хэрэв Үндсэн хуулийг өөрчлөх бол ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой. Зөвшилцөл явуулах нь иргэдийн сэтгэл санаанд нийцэхгүй байгаа.