ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баярцогт: 2017 онд Швейцарийн банк уг материалыг ирүүлчихсэн байсан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-18

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй гишүүд Швейцарын Холбооны Улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан С.Баярцогтын Швейцарь дахь оффшор дансны хуулгыг авчирсан тухай мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан С.Баярцогт өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Т.Аюурсайхан гишүүн сүүлийн хэдэн өдөр олон түмнийг нэлээд төөрөгдүүллээ. Би хоёр зүйлээс санаа зовоод тайлбар хийх нь зүйтэй гэж бодсон юм. Т.Аюурсайхан нэг улс төрч одоод л банкнаас нь хуулга авчихсан мэтээр яриад байгаа. Гэтэл үүнийг АТГ, прокурорын байгууллага, Швейцарь улсад суугаа элчин сайдын яамаар дамжуулаад 2017 оны есдүгээр сард анх хүсэлтээ тавьсан юм билээ. Үүний дараа Швейцарийн холбооны улс, Монгол улс хоорондын эрх зүйн орчны харилцан туслалцах гэрээ байхгүй учраас хүсэлтийг нь авдаггүй юм байна.

Хүсэлтийг нь авахын тулд эрхзүйн туслалцаа үзүүлэх эрүүгийн хэрэг нээдэг юм байна. Хэрэг нээсний дараагаар Швейцарийн прокурорын байгууллага банкуудаасаа мэдээллийг нь авах эрхтэй болдог. Хэн дуртай хүнд өгдөггүй гэсэн үг. Дараа нь миний дансыг хариуцаж байсан хоёр хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байсан. Ингээд 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлээр бүх материалуудыг Монголын талд өгөх боломжтой гэж үзээд Швейцарь дахь миний өмгөөлөгчид хандсан юм билээ. Миний өмгөөлөгч хувь хүний эрх учраас дансны мэдээллийг өгөх ёсгүй гээд эсэргүүцсэн байсан. 2017 онд АТГ-аас надаас гэрчийн мэдүүлэх авахыг хүсэхэд би өөртөө байсан бүх материалуудыг өгсөн. Мэдээж миний өгсөн материалыг Швейцариас ирсэн материалтай тулгаж, үзэх процесс болсон. Швейцарийн эрх зүйн орчин нь хүний эрхийг дээдэлсэн байдаг учраас бүх мэдээллийг миний өмгөөлөгчөөр дамжуулан надад мэдээлж байсан. Арванхоёрдугаар сард Монгол руу явуулах материалаа бэлдчихээд, ийм материал явуулах гэж байна. Үзээч гээд надад ирүүлсэн.

Монгол руу явуулах гэж байгаа материал нь надад ирчихсэн байгаа гэдгийг тухайн үед би АТГ-д мэдэгдсэн. Гэтэл АТГ-аас энэ материалаа өгч болох уу гэсэн. Би албан ёсоор зөвшөөрөөд намайг хариуцан мөрдөж байсан мөрдөгчийн  мэйл рүү, миний өмгөөлөгчийг байлцуулж байгаад явуулсан. Энэ материал Швейцариас прокуророос дамжуулж ирж байгаа материал мөн боловч, надаар дамжин би сайн дураараа өгч байгаа учраас болохгүй байсан юм. Одоо ирж байгаа материал бол дамжуулах ёстой бүх байгууллагаар албан ёсоор дамжин ирж байгаагаараа өөр. Т.Аюурсайхан гишүүн тэр дипломат шууданг авчирсан юм болов уу гэж бодож байгаа. Түүнээс биш өөрөө очоод банкныхантай уулзаад авсан зүйл байхгүй. Би үүнийг хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ бичээгүй нь хариуцлага хүлээх гол асуудал. Түүнээс биш мөнгө,, нуусан , хулгайлсан зүйл байхгүй. Үүндээ ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаа өгч, бүх материалаа АТГ-т өгсөн” хэмээн мэдээллээ.