ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Баасанхүү: Тендерт оролцохдоо хамгийн бага үнэ санал болгох нь мөнгө угаах сонгодог арга

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-19

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан Тендерийн тухай хуулийг хэлэлцэн үргэжлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Д.Лүндээжанцан: Тендерийг оройтож зарласнаас болж мөнгө нь хураагдаж байна. Гишүүнээс бичиг авчиргэх асуудлыг болимоор байна. УИХ-ын гишүүн төсөв захиран зарцуулагч биш шүү дээ. Өнгөрсөн жил хэдэн тэрбум төгрөг үргүй боллоо. Тэгэхээр надад комисс гаргаж өгөөч гэж гуйж үзлээ. Энэ хууль батлагдвал дөрөвдүгээр сарын 15-нд хүчин төгөлдөр мөрдөж эхэлмээр байна.

Ч.Хүрэлбаатар: УИХ-ын гишүүнээс бичиг авч байж ажил хийдэг асуудлыг болиулах хэрэгтэй. Ажлынхаа ачааллыг харж байгаад шилжүүлэх ажлыг хийдэг байх ёстой. УИХ-ын гишүүнээс бичиг авч ир гэдэг нь хариуцлагаас зугтаасан л хэрэг гэж харж байгаа. Нэгэнт л томилогдсон бол бүрэн өөрөө хариуцаж баймаар байна. Тиймээс төрийн албаны энэ жишгийг халах хэрэгтэй. Хууль хэрэгжиж эхлэхийн хувьд аль болох хурдан мөрдөж эхэлмээр байна гэдэгтэй санал нэг байна.

Ж.Бат-Эрдэнэ: Үндэсний үйлдвэрлэлийг яг яаж дэмжих вэ гэдгийг тусгасан заалт  энэ хуулинд байхгүй байна шүү дээ. Би олж харахгүй байгаа юм уу. Асуулт, хариулт болгож хулхидаад л өнгөрөх асуудал болох вий. Орон нутагт босоо тогтолцоотой байна гэж хэлж байна. энэ хуулинд чинь тийм заалт хаана байна. Зүгээр нэг асуулт хариулт болгоод л хулхидах гэж байгаа юм биш үү.

Ч.Хүрэлбаатар: Энэ тендерийн хуулийг Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг Зам тээврийн сайд байхад оруулж ирсэн. Таны саналуудыг энд тусгасан байгаа. Одоо анх харж байгаа юм шиг яриад байна. Ингэж болохгүй шүү.

О.Баасанхүү: Тендер шалгаруулах комист мэргэжлийн хүн байх ёстой. Хамгийн бага үнээр хэлэх асуудал мөнгө угаалтын сонгодог арга. Тиймээс энэ хуулийг өөрчлөх гэж байгаа бол үүнийг зогсоох асуудлыг тусгаж өгөх хэрэгтэй. Та нар дунд 49 ЖДҮ-чин байгаа юм билээ. Хамгийн бага үнийг биш, хамгийн чанартай сонго.

Д.Оюунхорол: Хамгийн гол нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг гол болгож байгаа. Хамгийн бага үнийн санал гэдгийг бид онцгой анхаарсан. Хамгийн бага үнийн саналыг хамгийн сайн гэж шалгаруулж байсан алдаа байсан. Үнийн хамгийн бага санал өгснийг шалгаруулалтын гол үзүүлэлт байхын зогсоож, мэргэжлийн багтай байх асуудлыг гол үзүүлэлт болгохыг тусгасан. Хяналтын тухайд захиалагчийн тал илүү анхаарах ёстой.