ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Мөнхбат: Улс төрчийн хамаарал бүхий компани тендерт оролцдоггүй байх хууль санаачилж байгаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-19

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна. Хэлэлцэж буй Тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж байна.

М.Билэгт: Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлээд мөрдөхөөр тусгаж өгөх хэрэгтэй байна.

Д.Оюунхорол: Энэ хуулийг дагаж мөрдөх хугацааг долдугаар сар байсныг зургадугаар сарын 01-ний өдөр болгож наашлуулсан. Үүнээс нааш татах боломжгүй юм билээ. энэ хуулийг хэрэгжүүлж эхлэхэд шаардагдах хугацаа нь энэ. Хууль баталсны дараа цахим орчинд тавьж, 30 хоногийн турш олон нийтийн хэлэлүүлгийг хийх зэрэг хууль дагаж хийх ажлууд их байгаа.

Ж.Мөнхбат: Хавар болохоор л баахан тендер зарлаж, тендерийн хороо байгуулдаг жишиг манай улсад тогтсон. Өөрийн хамаарал бүхий компани тендерийн шалгаруулалтад ордоггүй байх хууль хэрэгтэй. Би ийм хууль санаачилж байгаа. Улс төрийн албан тушаалтны хамаарал бүхий компани тендерт оролцохгүй байж л тендер дагасан асуудлууд багасна. Тиймээс би ийм хууль санаачилж байгаа.

Ц.Мөнхоргил: 2011 онд хувийн хэвшлээс тендерийн үнэлгээний хороонд хоёр хүн оруулна гэж заасан. Үүнээс хойш тендер улам их будилдаг болсон. Төрийн албаныхны хажуугаар энэ хоёр их будилуулаад байгаа юм. Үнэлгээний хорооны дарга нь хувийн хэвшлийн хоёр хүнийг хэнийг авах вэ гэдгээ сонгодог. Ингээд үнэлгээний хорооны дарга нөгөө хоёртойгоо хуйвалдаад тендер будилуулаад байгаа. Тендер будилаад байгаа үндсэн шалтгаан нь таслал, цэг байхгүй байна гэх шалтгаанаар хасдаг асуудал. Цэг, таслал байхгүй учраас хасчихдаг. Үүнийг л залруулах хэрэгтэй. Сонгон шалгаруулалтын зөвлөлд оролцох төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог 45 хувиас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.

М.Оюунчимэг: Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих саналтай байна. Олон нийтийн хяналтыг маш тодорхой зааж өгөх хэрэгтэй. Энэ хуулийг хэрэгжүүлэхдээ технологийн талыг давхар ашиглаад, хэрэгжүүлээд явах ёстой юм. Энэ хуулийн хэрэгжих хугацааг нь наашлуулах хэрэгтэй байна.

Гишүүд үг хэлж дууссаны дараа уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.