ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

50-300 сая төгрөгийн орлоготой ААН нэг хувийн татвар төлнө

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-20

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар татварын багц хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж:Ганбаатар ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар тодруулахад,  хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр гишүүн “Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын нэг хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргана.  50-300 сая төгрөг хүртэлх орлоготой ААН-үүдээс шууд нэг хувийн татвар авна гэсэн таны саналыг дэмжсэн. 50 сая төгрөгөөс 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай ААН-үүд 10 хувийн татвар төлж 90 хувиа буцааж авна гэсэн нь хэвээрээ. Зургаан тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай ААН-үүд жилд хоёр удаа тайлан гаргана. Энэ бол Засгийн газраас орж ирсэн санал. Зургаан тэрбум төгрөгөөс дээш борлуулалттай ААН-үүдийн хувьд  жилд дөрвөн удаа тайлан гаргана. Алдагдлын хувьд өмнө нь таван жил байсныг дөрвөн жил болгосон” хэмээн хариуллаа.