ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Энхбаяр: М.Энхболд Худалдаа хөгжлийн банкийг Д.Эрдэнэбилэгт өөрөө авч өгсөн

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-21

Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн албанаас гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан юм.  Үүнтэй холбоотойгоор өчигдөр тэрбээр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн луйврын асуудлыг баримттайгаар ярьс­наас болж, тэрхүү луйварт гар бие оролцсон хүмүүс худлаа гүжирдэж дайрах асуудал гарч байна. Өөрсдийгөө гэм буруугүй болгож харагдуулахын тулд хууль, шүүхийн байгууллагыг ашиглах асуудал гарч байгаа учраас үүнийг илчлэх нь зүйтэй гэж бодлоо. Юуны түрүүнд би тэдний гар хөл болж буй хууль, шүүхийн байгууллагынхан, өмнө нь биднийг янз бүрийн байдлаар хэлмэгдүүлж байсан асуудал үргэлжилж байна уу гэж болгоомжилж байна.

2016 оны сонгуулийн санал хураахын урд өдөр МАХН-ын сонгуулийн штабын менежрээр ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян 60 тэрбумын  луйвар болж байгааг хэлсэн. Гэтэл М.Энхболд “Энэ бол эвлүүлэг” гэж байсан. Сүүлд үнэнд гүйцэгдээд ирэхдээ “Энэ эвлүүлэг биш байсан. Би үүнд оролцсон. Гэхдээ сонссон болохоос биш хийгээгүй” гэж хүлээн зөвшөөрсөн. Ингээд 60 тэрбумын асуудал М.Энхболдын удирдлага дор явсан гэдэг нь олон түмэнд ил болсон. 60 тэрбумын хэрэгтэй холбоотой хүмүүсийг шүүхэд дуудах үед Э.Эрдэнэжамъян даргыг дуудсан.

Ингээд олон шатны шүүхээр явсаар сүүлдээ Э.Эрдэнэжамъян буруутай болсон юм. УИХ-аас уучлалт гуйж, торгууль төлөх шийтгэл авсныг та бүхэн мэдэж байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйвар боллоо гэдгийг ард түмэнд зарлахаар тэр үед Засгийн газрын шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, БХБ-ын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нар хэвлэлийн бага хурал хийсэн. Гэтэл Ч.Сайханбилэг “Монголдоо авчирч байгаа” гэж худлаа хэлээд сууж байсан юм. Одоо үнэнд гүйцэгдээд гадаадад бүртгэлтэй компани луйвардчихсан байна гэх зүйл яриад сууж байгаа. Луйвардахдаа төрийн байгууллагын мөнгийг луйврын аргаар авч, төрийн өмчийг хувьдаа авсан. Энэ луйврыг тухайн үед зар­лаж байсан Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нараас өшөө авч, Ч.Сайханбилиг, З.Баянсэлэнгэ хоёрын хоёулангийнх нь гарын үсэгтэй тогтоолоор буруутгасан.

Ингээд Ч.Сайхан­билиг буруугүй, З.Баянсэлэнгэ буруутай гээд ял өгч байх жишээтэй. Ц.Оюунбаатарын шүүх хурал өнөөдөр/өчигдөр/ болж байна. С.Ламбаа гэж сайдын гарын үсэгтэй шийдвэрээс болж Ц.Оюунбаатар буруутай болсон. Үнэнийг хэлсэн хүмүүсийг буруутгаж, үнэнийг хаадаг л тогтолцоо бий болчихоод байна. Одоо намайг сахал Д.Эрдэнэбилэг гэж хүн янз бүрээр худал гүжирдэж байгаа. Тэр хүн бол хүн гүжирдэхийн өвчтэй.

Дандаа худлаа зүйл ярьдаг. Үйл ажиллагаа нь бүгд худлаа хэлснийг нь баталж байгаа. Жишээлбэл, Өмнөговь аймагт цахилгаан станц барина гэсэн нэртэй бичиг барьцаалаад 50 гаруй сая ам.долларын зээл авч байсан юм. Тийм бичиг байхгүй шүү дээ. Хоосон яриа барьцаалж байгаа л гэсэн үг. Энэ хүн бол хууль шүүхийн байгууллагад дуртай хүнээ томилоод сурчихсан, үнэнийг хэлсэн болгоныг шорон оронд оруулаад гаршчихсан. М.Энхболд энэ хүнтэй холбоотой гэдгийг би сайн мэднэ. М.Энхболд надад “Д.Эрдэнэбилэг гэж хүн Худалдаа хөгжлийн банкыг авах гэж байгаа. Та хувь авах уу” гэж асуугаад загнуулж байсан. Тэр үед би “Наад хүн чинь цэргийн үйлдвэрт олон жил даавуу шахахаас эхлээд маш их будилаантай хүн байна. Даруйхан таслан зогсоо гэдгийг хэлсэн. Гэтэл М.Энхболд зүтгэсээр байгаад Д.Эрдэнэбилэгт Худал­даа хөгжлийн банкийг өөрөө авч өгсөн юм. Хувьчлалын дараа Америкийн компани авчихсан байхад нь М.Энхболд НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцсон гэж худал хэлж яваад, Америкийн банкны эзэдтэй уулзаж, Худалдаа хөгжлийн банкийг сахал Д.Эрдэнэбилэгт авч өгөх асуудлыг хөөцөлдөж явсан байгаа юм. Үүнийг нь хэлэхэд худал гүжирдлээ гэж яриад, маргааш нь цагдаад үүрэг өгч, цагдаагаас намайг дууддаг. Та нар эхлээд ЖДҮ-чидээсээ байцаалт авчих. Дараа нь надаас байцаалт ав. ЖДҮ-чдээ УИХ хамгаалаад байгаа.

Тэгсэн мөртлөө луйврыг илчилсэн Н.Энхбаярыг дууддаг. “Хохь чинь шүү. Ирэхгүй бол баривчилна шүү” гэж ч байх шиг. Ийм тогтолцоотой хууль, шүүхийн байгууллага хэвээрээ байна, У.Хүрэлсүх ээ. Энэ байдал хэвээрээ байна шүү, Х.Баттулга аа. Эсвэл та нар хэвээр нь байлгаад байна уу. Ингэж хардахаас өөр арга алга. Шинэчлэл хийх гээд байгаа юм байлгүй гэж бодоод хараад, дуугүй байгаад хүлээгээд л байгаа. Хэрвээ би мэдүүлэг өгчихвөл “Та мөрдөн байцаалтын нууцыг задалж болохгүй. Юу ч хэлж болохгүй. Дув дуугүй бай” гээд миний амыг үдэх гээд байгаа юм.

Тийм учраас л намайг гэрчийн мэдүүлэг өг гэж дуудаад байгаа хэрэг. Би хууль, хяналтын байгууллагыг яаж ажилладгийг мэднэ. Өөрийнхөө амьдралаар туулсан учраас сайн мэднэ. Ахиад ийм тоглоомд оролцохгүй. ЖДҮ-чидээ шалга, 49 хувиа хурдан буцаа. Эрдэнэтийн 49 хувийг төр буцааж аваад зогсохгүй, ард түмэнд хувьцаа болгож тараа. Түүнээс гадна, Худалдаа хөгжлийн банкийг шалга л даа. Д.Эрдэнэбилиг Худалдаа хөгжлийн банкыг хүүгүй, хугацаагүй, баталгаагүй зээлээр авсан гэж яриад байгаа шүү дээ. Дэлхийд хугацаагүй, хүүгүй, баталгаагүй зээл өгдөг компани гэж байх уу. Худалдаа хөгжлийн банкийг төрийн мэдэлд аваад, хадгаламж эзэмшигчдийг хохироолгүйгээр хамгаалаад, луйварчдаас салгах хэрэгтэй. Ингээд урт хугацааны бага хүүтэй зээлээр царилгаан станци, төмөр замаа барих ёстой” гэв.

Эрдэнэтийн 49 хувийн цаана 51 хувийг авах луйвар явж байгаа

Тэрбээр өөрийг нь ЭЦА-наас гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан асуудалд ийм байр суурийг илэрхийлэв. Үргэлжлүүлэн мэдээлэхдээ “49 хувийн цаана 51 хувийг авах гэсэн булхай явж байгаа. Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж авсан 100 гаруй сая ам.долларыг монголчууд төлөх болчихоод байна. Үүнийг ярьсаны төлөө би цагдаад дуудагддаг. Гурван жилийн өмнө ярьсан 49 хувийг цагдаагийн байгууллага яагаад шалгасангүй вэ. 51 хувийг яагаад шалгахгүй өнөөдрийг хүрч байгаа юм бэ. Үүнийгээ хурдан шалгаач ээ гэхээр л цагдаа дуудаад унадаг. Сайхан Монголыг бий болгохын тулд энэ луйврыг илчилнэ. Харамсалтай нь өнөөдөр цагдааг нь Засгийн газар, шүүхийг нь Ерөнхийлөгч, прокурор болон АТГ-ыг УИХ томилдог учраас  хууль хяналтын байгууллага гэдэг дарга нарын даалгавар биелүүлдэг газар болчи­хоод байна.

Шүүхийг ард түмэн сонгодог болох хэрэгтэй. УИХ-ын халдашгүй дархан байдал гэх даварсан тогтолцоог халж, 10 мянган иргэн эсэргүүц­вэл шууд огцордог шударга тогтолцоог бий болгох шаард­лагатай. Өөрийнхөө хүн­ийг хууль, шүүхэд тавьчихаад “гутлаа тослоод, зангиагаа зүүгээд цагдаад очъё” гэдэг жүжгээ зогсоо. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа прокуро­рын байгууллагын ойд очоод Н.Энхбаярыг дүүтэй нь хамт баривчил гэж хоёр цагийн турш загнасан нь дэндүү танхай, балмад ажиллагаа байсан. Ямар ч албан тушаалтан хууль, шүүхийн байгууллагад захиалга өгөх эрхгүй. Гэтэл Х.Баттулга аргаа ядаад 170 гаруй хуудастай материал өгч, барь гэж байгаа юм.

Ц.Элбэгдоржийн өөрөө шидсэн чулуу нь өөр дээр нь унаж байгаа юм. Х.Баттулгын хувьд хамгийн гол нь хууль, шүүхийн байгууллага ажиллах­гүй байгаа. Аргаа ядаад л Ц.Элбэгдоржийн бурууг давт­лаа шүү дээ. Үүнийг таслан зогсоохгүй бол хуучин МАНАН алга болж шинэ МАНАН үүсэх эрсдэл өндөр байна. Би арай ч хууль шүүхийн байгууллага намайг үүн дээр дуудаж дарамтална гэж бодоогүй. Энэ шинэ МАНАН үүсч байгаагийн эхлэл юм биш биз хэмээн болгоомжилж, ард түмэндээ хэлж байгаа юм. Би ер нь дандаа л эхлээд ард түмэндээ хэлдэг шүү.

Харамсалтай нь тухайн үед нь ард түмэн анзааралгүй, хэдэн жилийн дараа ойлгодог. Би прокурорын байгууллагын Ё.Сагсай гэж хүний тухай ярьсан. Үнэн эсэхэд хүмүүс эргэлзэж байна. Энэ бол бодит үнэн. Тэр нөхөр бол Хүнбишийн хувьцаагаар тоглоод, намайг сагсайдаж ялсан хүн. Бичлэг нь удахгүй гарах байх. Бичлэг нь байгааг би олон хүнээс сонссон учраас эргэлзэхгүй байна. Та  бүхэн хэр шударга хүн бэ гэдгийг нь хараарай. Түүний ард МАНАН байна гэсэн үг. Ямар МАНАН сууж байдгийг нь хараарай. Тиймээс бүгд сэрж, үнэний төлөөх эрэлдээ мордоё гэж уриалмаар байна” хэмээн мэдээллээ. Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-УИХ-ын дарга асан М.Энхболдыг өөрөө Худал­даа хөгжлийн банкыг Д.Эрдэнэбилэгт авч өгсөн гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ямар процесс болсон юм бэ?

-2000-2004 оны Засгийн газрын үед ОУВС зэрэг байгууллагуултай хөтөлбөр хэрэг­жүүлж байсан. Тэр байгуул­лагуудын зүгээс банк бол төр засгийн нөлөөнд байж болохгүй. Хараат бус байх ёстой учраас хувьчлах ёстой гэсэн зөвлөмжийг өгсөн юм. Үүний дагуу хувьчлалын жагсаалтыг батлаад явсан. Ингээд Худал­даа хөгжлийн банкийг 13 сая ам.доллароор амжилттай хувь­чиллаа гээд баяр хүргэж байсан юм. Гэтэл одоо бодоход хувьчлах нь буруу шийдвэр байсан. ОУВС болон дэлхийн банкуудын зөвлөгөөг дагасан нь учир дутагдалтай байжээ. Тухайн үед би одоогийн Монголбанкны захирал Баяртсайхан нарт үүрэг өгч, төрийн банктай болоод түүнээсээ урт хугацаатай бага хүүтэй зээл олгоод явбал яасан юм бэ гэдгийг хэлж байсан. Гэтэл М.Энхболд Бадам­жунайтай хамт очоод Худалдаа хөгжлийн банкийг хувьчилж авсан бай­сан Америкийн компанийн удирдлагуудтай уулзаж, сахал Д.Эрдэнэбилэгт өгөх хүсэлт гаргасан юм билээ. Үүнийгээ мэдэн будилж, Н.Энхбаяр хувьчилсан гэж төөрөгдүүлээд байгаа.  

-Эрдэнэтийн 49 хувийн цаана 51 хувийг авах гэж байна гэж та хэллээ. Үүнийг батлах үндэслэл байгаа юу?

-Цаасан дээр зурсан гарын үсгээс гадна үйл явдлын өрнөлийг харах ёстой. Үйл явдлын өрнөлийг харахад, 51 хувийг яагаад ч юм шийдэхгүй байгаа биз дээ. Эрдэнэт үйлдвэр өөрийгөө хамгаалж шүүх хуралд очдоггүй. Очихдоо материал дутуу өгдөг. Өөрийгөө хамгаалах ажил хийхгүй байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтэд ашиггүй шийдвэр гаргуулах гээд байна. Монгол Улсын Засгийн газарт ашиггүй шийдвэр гаргуулах гээд байна гэсэн үг. Үүнийгээ нэг тийш нь болгоё гэсэн Бадамсүрэнгийн захиа л үүний баримт юм. Шүүх хуралд очиж, нотолгоогоо гаргаж өгөхгүй байна гэдэг чинь л өөрөө баримт. Шүүхийн байгууллага энэ асуудлыг шийдэхгүй удаж байгаа нь баримт юм. Үүний цаана хэн нэгэнд цаг, хугацаа тавьж өгөөд байна. Сая Сингапур руу шилжүүлэх гэж оролдоо шүү дээ.