ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Батзандан: 5000 хүн нам байгуулахыг дэмжиж, гарын үсэг зурсан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-21

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Л.Болд гишүүн бид хоёр иргэдтэйгээ хамтарч дор хаяж 30 мянган иргэний гарын үсэг цуглавал шинэ улс төрийн хүчнээ байгуулна гэж зарласан. Өнөөдрийн байдлаар 5000 хүн нам байгуулахыг дэмжсэн гарын үсэгтэй бичгээ ирүүлсэн байна.  Би хэдэн нэр дурьдая. Сүхбаатар аймгаас Айлтгүйн Төмөр-Очир гэдэг яруу найрагч ах маань энэ намд орно, та хоёртой хамтарч зүтгэнэ гэдгээ илэрхийлсэн.

Төв аймгаас А.Сүхбат аваргын ах А.Батсүх энэ намд орох хүсэлтэй гэдгээ ирүүлсэн. Олны таньдаг хүнээс би ганц хоёрыг нь дурьдаж байгаа шүү.  Гэх мэт урлаг, соёлынхон, багш, эмч нар саналаа ирүүлж байна. Шинэ намыг зохион байгуулахын тулд ямар нэр өгөхөө иргэдээс саналаар авч байгаа. Одоогийн байдлаар гурван нэр хамгийн их санал авсан. Нэгдүгээрт, Монголоо өөрчилье нэрийг иргэд санал болгож байна. Хоёрдугаарт, Шинэ Ардчилсан нам гэдэг нэр өгөөч гэдэг санал ирж байгаа. Гуравдугаарт, Ардчилал, шударга ёсны нам гэдэг нэр өгөөч гэсэн санал ирсэн.  Санал асуулга үргэлжилж байгаа. Энэ гурван нэрийн нэгийг өгөх байх. 

Бямба гарагт бид Эрдэнэт хотод 17:00 цагаас ард иргэдтэй уулзана. “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн асуудал, С.Зоригийн хэрэгтэй холбоотой бодит мэдээллийг өгөхөөр явах гэж байна. Ням гарагт Дархан хотод 18:00 цагт иргэд, сонгогчидтой уулзана. Дархан төмөрлөгийн үйлдвэрийг яаж луйвардаж авсан. Дархан, Сэлэнгийн газар нутгий луйварчдын гараас яаж салгах вэ гэдэг асуудлаар уулзалт хийнэ” хэмээлээ. Түүнийхээ дараа сэтгүүлчдийн асуултад товч хариулав.

-АТГ-ын даргыг чөлөөлөх талаар та юу гэж бодож байна. Хуулийг хоёр талаас нь тайлбарлаад байгаа шүү дээ?

-АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа хуулийн нарийн зохицуулалттай.  Зургаан жил гэдэг нь үнэн. Гэхдээ нөхөн томилогдсон хүн үлдсэн хугацаанд нь ажиллана гэдэг өгүүлбэр байгаа. Түүнийг хараарай. Тэр заалтын дагуу АТГ-ын даргын асуудал орж ирлээ гэж ойлгож байна.