ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол, Казахстаны хооронд ачаа тээвэрлэх зөвшөөрлийн бичгийг нэмэхээр боллоо 

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-21

Олон улсын зорчигчид автотээврээр ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, автотээврээр Монгол, Казахстаны хооронд хийгдэж буй тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх талаар Монгол-Казахстаны Тээврийн хамтарсан хорооны 2 дахь удаагийн хурал боллоо. Энэхүү уулзалт нь энэ  сарын 14-15-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод зохион байгуулагдсан бөгөөд 7 жилийн дараа дахин зохиогдож байгаагаар онцлог болов.

Уулзалтаар хоёр тал, Монгол-Казахстаны хооронд хийгдэж буй тээвэрлэлтийн хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгааг цохон тэмдэглээд, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс хоёр улсын хооронд ачаа тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн тоог 200 ширхгээр, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн тоог 25 ширхгээр тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Үүнээс гадна талууд тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан гуравдагч орноос Монгол, Казахстан Улсууд руу ачаа тээвэрлэлт гүйцэтгэх шинэ төрлийн зөвшөөрлийн бичиг ашиглахаар хэлэлцэв. Энэхүү зөвшөөрлийн бичгийг ашиглаж эхэлснээр монголын тээвэрлэгчид ОХУ, БНХАУ болон бусад гуравдагч улсаас Бүгд Найрамдах Казахстан Улс руу ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдэх юм.

Монгол-Казахстаны хооронд зорчиж буй иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотын чиглэлд зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг ойрын хугацаанд эхлүүлэхээр тохиров.

Түүнчлэн Монголын талаас автотээврийн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд талууд цаашид энэ чиглэлд идэвхтэй анхаарч ажиллахаар болов.

Уулзалтад Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Гантулга тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцлоо. Казахстаны талаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яамны Тээврийн хорооны орлогч дарга Сабитов Даурен, Казахстан Улсын Тээврийн холбоо болон тээвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл байлцжээ.